Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.03.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Н.Учрал, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Тэрбээр, ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан гэж байлаа. Мөн тэрбээр, экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байгаагийн 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг. Ноолуур нь шавхагдашгүй, эргэн төлждөг баялаг тул нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх асуудалд аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж тохирсон. Бид ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан, ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулна гэв.
Харин Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хариултдаа, эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.
АДМИН








Нийгэм







