Dark Light
Нийгэм | 2022-05-02

Нийслэлийн усан оргилууруудыг 5 сарын 20-ноос ажиллуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал,  хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж,  Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажиллажээ. Голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг. Тиймээс голын эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг Хотын дарга өгсөн. Энэ дагуу Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулна. Инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх, шаардлагатай бол газар чөлөөлөх ажил өрнүүлэх үүргийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд  үерийн бүс болоод далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг контейнер байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлээд байна.

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.

Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,  Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын хэмнэлтийг хийж, төсвийн тодотголыг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох.

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай,  Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах.

-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлэх

Хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээний хүрээнд:

-Хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийг бүх шатанд эрчимжүүлэх.

-Авто замын болон  барилга, байгууламжийн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, барилгын машин тоног, төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих.

Цаг үеийн бусад асуудлын  хүрээнд:

-Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөл байгуулах,  арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах,

-Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах,

-Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах, ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх,

-Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна. Эцэг эхчүүдийн анхаарал сарнидаг. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10