Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн 0108 дугаар ангид Монгол Улсын Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйл, 36.1.2 заалтыг үндэслэл болгон “Ачааны галт тэргэнд үзлэг хийх цамхаг”-ийг хүлээлгэн өгөв.
“Ачааны галт тэргэнд үзлэг хийх цамхаг”-ийг УБТЗ-ын амгалан төв засварын үйлдвэр, Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар анги 2022 оны 01 сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 сарын 21-ний өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэв. Тус цамхаг нь 32.8 метрийн урттай, 7.6 метрийн өндөртэй, 1.6 метрийн өргөнтэй, 4 замыг дамнан баригдсан 12 тонн даацтай байгууламж юм.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга хурандаа Ц.Мягмардорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын -Үүд Өртөөний дарга Ч.Сугирбаатар нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
“Ачааны галт тэргэнд үзлэг хийх цамхаг” ашиглалтад орсноор Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3.1.2, 3.1.9 дэх заалтуудыг хангаж, хилийн хэсэг болон төмөр замын хяналт шалгалтыг өргөн хүрээнд цэргийн хяналтыг зохион байгуулах нөхцөл бололцоо бүрдсэн бөгөөд төрөл бүрийн дохиолол хяналтын техник хэрэгслээр төхөөрөмжлөн ашиглах боломжтой болсон.
Тус цамхаг нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаг хугацааг хэмнэх, ачааны галт тэрэгний дээрээс үзлэг хийхэд хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
АДМИН








Нийгэм







