Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг 9 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооний гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна.
Төвийн бүсийн сургалтыг 2022 оны тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ болон Хөвсгөл аймгуудын ХЭХЗХ-дын 80 гаруй гишүүд оролцож байна. Сургалтаар ХЭХЗХ-ны гишүүний үүрэг, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, холбогдох дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, ХЭХЗХ-ны журмыг мөрдлөг болгон ажиллах арга зүй; гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн кейс бүрд жендэрийн тэгш байдлыг хангах арга зүй; гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд ХЭХЗХ-ны үйлчилгээг үзүүлэх арга зүйд, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд нийгэмшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах арга зүйд суралцана. Тус сургалтыг төслийн хүрээнд бүтээсэн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд зориулсан гарын авлага”-д суурилан явуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор, хууль эрх зүйн багш нар удирдан чиглүүлж, онол практикийн мэдлэг олгож байна.
Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт холбогдсон, гэрч хохирогч болсон хүүхэд бүрт шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ, салбар дундын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/190, А/280 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам” шинэчлэн батлагдсан тул тус ХЭХЗХ-дын шинэ гишүүдийн чадавхыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
АДМИН








Нийгэм







