Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 81997 га ойн сан бүхий газар байдаг. Үүнээс 3691 га ойн санг “Домогт шарын гол” компани гэрээгээр эзэмшин мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компани жилд 1 сая мод үржүүлэх хүчин чадалтай. Одоогоор жилд 300 мянга гаруй тарьц үйлдвэрлэж, ойн гайхамшиг төвдөө 16 төрлийн модны үрсэлгээг тарьж ургуулж байна. Өнгөрсөн хугацаанд 15 га нас бие гүйцсэн нарсан ойг улсын ойн санд хүлээлгэн өгчээ.
Мөн Дархан суманд 115 м2, Шарын гол суманд 200 гаруй м2 талбайд ногоон байгууламж хийсэн. Хонгор суманд таримал модоо хандивлаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2500 ширхэг навчит модыг тарьж ургуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 10 жилийн хугацаанд 20 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн ААНБ-д стандартын дагуу ургуулсан тарьц суулгацын нөөцөөр иргэд, ААНБ-ыг хангах, модыг технологийн дагуу зөв тарьж, ургуулах зэрэг экологийн боловсрол олгох чиглэлд аймаг орон нутагтайгаа хамтран ажиллаж байна.
Домогт шарын гол компани 2015-2018 онд Чех улсын Патрик дэвшилтэт технологиор бортогод үрээр мод үржүүлэх “Монгол орны болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийн үр дүнд Чехийн мэргэжилтнүүдтэй хамтран ойн генийн санг хамгаалах, чанарыг сайжруулах 10 жилийн менежмент төлөвлөгөөг боловсруулжээ.





АДМИН








Нийгэм







