Энэтхэгийн Экспорт-Импорт банкны (Эксим банк) санхүүжүүлсэн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр 2025 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна. Дорноговь аймгийн өмнөд хэсэгт байрлах тус үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын нефтийн үйлдвэрлэлийн 55-60 хувийг хангана гэв.
JMC Projects India нь газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний шатны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон бол Энэтхэгийн төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” фирм Төслийн удирдлагын зөвлөхөөр ажиллажээ.
УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал: "Газрын тос боловсруулах үйлдвэрийн энэхүү төсөл маань 2025 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байна. 2025 онд нийтдээ тухайн үеийн өссөн хэрэгцээний 55-60 хувийг бид Монголд үйлдвэрлэв гэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломжтой болно гэсэн үг. Энэ нь Монгол улсын хувьд мэдээж эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ч, цаашлаад гадаадын зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэлд шууд өртөхгүй дотооддоо үйлдвэрлэсэн газрын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж гэж бодож байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил Алтанширээд ид явагдаж байна. Энэтхэгийн засгийн газрын 1.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүтээн байгуулалт маань эхэлсэн. Мэдээж цар тахалтай холбоотойгоор тээвэр логистикын асуудлууд биднийг тойроогүй. Гэвч бид асуудлуудыг цаг тухайд нь шийдсээр одоо бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор мэдээж дамжуулах хоолойн томоохон ажил хийгдэнэ. Энэ ажлын төслийг тендерээр саяхан ялагч нь тодорч гэрээ нь байгуулагдсан"
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: "2019 оноос хойш инженерчлэлийн ажлыг тасралтгүй хийсээр 2021 оноос үйлдвэр маань төлөвлөлт инженерчлэлийн ажлаас бүтээн байгуулалтын үе шатанд шилжсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай болох юм. Хүчин чадлын хувьд хэдийгээр олон улсын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад бага ч гэлээ энэ үйлдвэр өөрийн гэсэн онцлогтой. Бид атар онгон тал дээр бүтээн байгуулалтыг хийж байна."
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг
АДМИН








Нийгэм







