Эрүүл мэндийн Lancet сэтгүүлд нийтэлснээр Энэтхэг улсад агаарын болон усны бохирдлын улмаас 2019 онд л гэхэд 2,3 сая хүн нас баржээ. Эдгээрээс 1,6 сая нь агаарын бохирдолтой шууд хамааралтай, хагас сая гаруй нь усны бохирдлоос болж цаг бусаар нас барсан байна.
Тус сэтгүүл жил бүр найман сая хүн буюу нас барж буй зургаан хүмүүс тутмын нэг нь орчны бохирдлын улмаас амьсгал хурааж байна гэсэн судалгааг хийжээ. 2019 оны тоо баримтыг нягталбал дэлхий дахинд 6,7 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барсан байна. Усны бохирдлын улмаас 1,4 сая, хар тугалгын бохирдлын улмаас 900,000 хүн цаг бусаар таалал төгсжээ.
Мөн эдгээр иргэдийн 90 гаруй хувь нь дунд болон доогуур орлоготой улс орнуудад бүртгэгдсэн байна. Энэтхэг улсад орчны бохирдлын улмаас хамгийн их буюу 2,3 сая иргэн амьсгал хураасан бол Хятадад 2,1 сая хүн нас баржээ.
Хэдийгээр Энэтхэг улс агаарын бохирдлыг бууруулахын тулд хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ахуйн хий хэрэглэхэд нь туслах зэрэг хэд хэдэн санаачилга гаргасан боловч төвлөрсөн тогтолцоогүй тул төдийлөн амжилттай болоогүй гэж судлаачид үзсэн. Тус улсын газар нутгийн 93 хувьд нь орчны бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй гэж тогтоосон журмаас хэтэрсэн байгаа юм.
АНУ-ын судалгааны багийн өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Энэтхэгийн умард нутгийн 480 сая гаруй хүн агаарын онц ноцтой бохирдолтой орчинд амьдарч байна.
Эх сурвалж: ВВС