Залуусыг хөдөлмөрт уриалж, зөөлөн ур чадварт сургаж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэж улмаар ажилд зуучлах “ОРОЛЦОО” төслийн 2022 оны эхний ээлжид хамрагдсан залуус 14 хоногийн сургалтаа дуусгалаа. Энэ удаагийн ээлжид нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас нийт 240 залуус хамрагдсан юм.
Сургалтын хөтөлбөр шинэлэг, сонирхолтой, бас маш шахуу. Залуус өглөөнөөс үдэш болтол завгүй. Дээр нь гар утас огт ашиглахгүй. Амьд харилцаа, амьдралын эртэч хэв маяг, идэвх оролцоо, эерэг уур амьсгал, нөхөрлөл дунд залуус ижилдэн дасчээ.
Сургалт дууссан учраас одоо залуус маань 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлагаа эхэлнэ. Оролцоо төсөлтэй хамтран ажиллаж буй үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниуд нээлттэй байгаа ажлын байруудаа залууст танилцуулсан. Харин залуус маань одоо өөрсдийн хүсэл, сонирхол, зорилгод нийцсэн ажлын байраа сонгож дадлагаа хийхээр та тал тийш тарцгаана.
Залуусын нүд цогтой бас баярын нулистай байгааг харлаа. Амьдралаа өөрчлөхөд заримдаа их зүйл хэрэггүй байдаг. Хэрэгтэй хүндээ ганц үг ч гэсэн эргэлтийн цэг болж чаддаг.