Амиа алдсан 05 дугаар ангийн цэргийн алба хаагчийн асуудлаар Цагдаагийн байгууллага болон цэргийн 05 дугаар ангийн удирдлага мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго: “Тухайн алба хаагч тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа буюу 22 цагаас эхлэн биеийн байдалд өөрчлөлт орсон тул ангийн эрүүл мэндийн төвд хандаж анхан шатны тусламж үйлчилгээг авсан. 16-ны өглөө дахин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад амин үзүүлэлт нь хэвийн байсан. Тодорхой шинж тэмдэгтэй байсан учраас үзлэг, шинжилгээг хийсэн. Оройны 22:45 минутад артерын даралтын үйл ажиллагаа доголдсон учраас түргэн тусламж үйчилгээ дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж, эмчлэгдэх явцдаа амиа алдсан.
Цэргийн дүрмийн бус харилцаа огт байхгүй. Ямар нэгэн байдлаар камерын бичлэгийг устгах, солих, өөрчлөх боломжгүй мөрдөн шалгах байгууллагад хэргийн нотлох баримтуудыг өгч шалгагдаж байна. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.