Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн баярыг угтаж улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 2353 обьектийг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 4523 зөрчил дутагдал илрүүлж 3182 (70.3%)-ыг газар дээр нь арилгуулж, зөрчил арилгуулах 505 заалт бүхий 72 албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгж, иргэнд шийтгэвэр ногдуулж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоов.
Нийтлэг илэрч буй зөрчил:
-Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй,
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
-Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй,
-Ажлын байр, багаж, тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй,
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж, түгээлт, нийлүүлэлт хийдэг,
Шалгалтаар чанар аюулгүй байдал нь алдагдсан, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй 643 нэр төрлийн 36 литр, 822 кг, 4500 ш бүтээгдэхүүнийг хурааж устгалын комисст шилжүүлэн, 1210 нэр төрлийн 12628 ширхэг 17.8 сая төгрөгийн бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж худалдаанаас буцаан татуулсан байна.
Мөн 142 аж ахуйн нэгж, иргэний худалдан борлуулж байсан 351 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 369 дээж авч шинжлүүлэхэд 44 дээж шаардлага хангаагүй, 90 ААН-ийн 351 цэгээс эрүүл зүйн арчдас авч шинжлэхэд 71 дээжид эерэг үзүүлэлт илэрчээ.
Иймд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг холбогдох хууль, стандарт, дүрэм журмыг мөрдөн ажиллаж, худалдан авагчдад чанартай хүнс, бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг зөвлөж байна.