2022 оны 06 дугаар сарын 23-ны 14:41 цагт ОХУ-ын Буриадын Эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт гал гарсны улмаас ажиллаж байсан 200 МВт-ын 3 блок аваараар зогссон байна. Буриадын 34 суурин газар болон Улаан Үд хот орчмын зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.
Эрчим хүчний тасарсны улмаас Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын хэрэглээний хамт тусдаа гарсан ба системийн давтамж f=49.1 Гц хүрч системийн аваар эсэргүүцэх автомат буюу давтамжаар ачаалал хөнгөлөх автомат төхөөрөмжийн үйлчлэлээр ЦДҮС-ийн Говийн бүсийн салбарт 3 МВт, Улаанбаатарын салбарт 58,5 МВт, Төвийн бүсийн салбарт 1,2 МВт, Хангайн бүсийн салбарт 5,1 МВт, Зүүн өмнөд бүсэд 2 МВт орчим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалж системийн аваараас сэргийлжээ.
Дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжийг 49,7 -49,9 Гц-ээр барьж ажилласан ба ОХУ талаас схем холболтоо сэргээсний дараа 15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-г залгаж, ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орж улмаар 15:34 цагт тасарсан хэрэглэгчдийг залгав.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-ын ЭХС аваарын байдалтай, ОХУ-ын Нэгдсэн системээс Буриадын ЭХС руу өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн шалтгаанаар Монголын ЭХС руу өгөх ЦЭХ-ний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул 16:30 цагт хэрэглэгч хязгаарлах хөтөлбөрийн дагуу ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-н хэрэглэгч хязгаарлаж ажиллалаа.
ОХУ-ын Буриадын ЭХС-ын Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын 2 блокийг ажилд залгасан ба 19:44 цагт хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горим ажиллагаандаа шилжин ажиллалаа.
Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй аваараас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх үүрэг болголоо.