Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” заалтын дагуу Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/105 дугаар албан бичгээр “Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханд хандан ирүүлсэн юм.
Орхон аймгийн нэр дэвшигчээр ирүүлсэн саналыг холбогдох материалыг үндэслэн газар дээр нь судлан аймгийн нөхцөл байдалтай танилцаж, шинжилгээ, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг аравдугаар сарын 13-15-нд тус аймагт ажиллалаа. Орхон аймагт Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэл, Монголын цанын холбооны тэмцээн зохион байгуулалт, хөгжлийн бодлого хариуцсан захирал н.Очирсүрэн нар ажилласан юм.
Ажлын хэсгийн гишүүд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нартай уулзалт зохион байгуулан тус аймгийн өвлийн спортын хөгжлийн өнөөгийн байдал, Монголын бүх ард түмний спортын XV наадмын өвлийн спортын хөтөлбөрт багтсан төрлөөр шигшээ тэмцээнийг 2023 онд Орхон аймагт зохион байгуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа. Орхон аймаг нь 107 мянган хүн амтай, гадаад харилцаа, тээвэр логистик сайн хөгжсөн, өвлийн спортын цанын бааз, тэшүүр, хоккейн талбайтай, тэмцээн зохион байгуулах, зам талбай нь нэг хэсэгт байрладаг зэрэг олон давуу талтайг дурдлаа.
Газар зүйн байрлалаар Монгол Улсын төв, хойд хэсэгт орших Сэлэнгэ, Булган аймагтай хиллэж, далайн төвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай ба өвлийн спортын наадмыг зохион байгуулахад уур амьсгал, цаг уурын олон жилийн дундаж чийгшил, хур тундасын хэмжээний судлагаагаар эрс тэс уур амьсгалтай нь давуу тал болж байна.
Харин хүн ам нийгмийн үйлчилгээний өнөөгийн байдлаар 37 цэцэрлэгт 7000 мянга, ерөнхий боловсролын дөрвөн цогцолборын 20 сургуульд 20 мянган орчим хүүхэд суралцаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 1358 гаруй мэргэжилтэй ажилчин бэлтгэж байгааг онцлов. Мөн МУИС, ШУТИС-ийн салбар сургуулиуд, Экологи, аялал жуулчлалын “Маргад” хувийн дээд сургуульд гурван мянга гаруй оюутан суралцаж байна.
Орхон аймагт 1000 гаруй суудалтай соёлын ордон, театр, соёлын төв, хуримын ордон, хүүхэд залуучуудын төвд жилдээ урлаг соёлын 500 гаруй тоглолт болон бусад арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 40 мянга гаруй хүнд үйлчилдэг байна. Биеийн тамир спортын 10 гаруй заал танхимд 7000 гаруй хүн тогтмол хичээллэж тив, дэлхийн, олон улс, бүсийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Мөн 1100 гаруй хүний суудалтай “Хангарьд палас” соёл спортын цогцолборт улс, олон улсын чанартай уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагддаг.
Аймгийн хэмжээнд өмчийн бүх хэлбэр бүхий эрүүл мэндийн 91 байгууллагуудад 800 шахам эмч мэргэжилтнүүд ажиллан иргэдэд үйлчилж байна.10000 хүнд 28 их эмч, 54 эмнэлгийн дунд мэргэжилтэн, 48 эмнэлгийн ор ногдож байна.
АДМИН







Нийгэм







