Dark Light
Улс төр | 2026-11-17

ДАЛАЙ БАГШИЙН ХОЙД ДҮРИЙГ ХЭРХЭН ТОДРУУЛАХ ВЭ БУЮУ ГЕОПОЛИТИКИЙН ӨРСӨЛДӨӨН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AFP

АНУ-Хятадын Эдийн засаг, аюулгүй байдлын хяналтын комиссын судалгааны ажлын хэсэгт зориулан “Sankhara Strategies” компанийн шинжээч Майкл Шифферийн бэлтгэсэн “Далай ламын залгамжлал: Геополитикийн үр дагавар ба Конгресст өгөх бодлогын зөвлөмж”  гэх томоохон илтгэлд ирээдүйн 15 дугаар Далай ламыг тодруулах үйл явцын эргэн тойрон дахь геополитикийн тэнцвэрт байдалд дүн шинжилгээ хийжээ.

Зохиогчийн дүгнэж буйгаар, энэхүү геополитикийн сөргөлдөөний эцсийн үр дүнг тодорхойлох хамгийн гол төв нь Энэтхэг улс юм. Ирээдүйд БНХАУ өөрийн нэр дэвшигчийг тодруулна, харин Далай ламын байгуулсан “The Ganden Phodrang” (དགའ་ལྡན་ཕོ་བྲང) сан өөрийн уламжлалт дэг жаягаар хойд дүрийг тодруулна. Ийм нөхцөлд тус сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, улмаар 15 дугаар Далай лам эрх мэдэл, нэр хүндээ баталгаажуулахад шаардлагатай улс төр, газар нутаг болон институцийн ямар нөхцөлийг Энэтхэг улс бүрдүүлж өгөх вэ гэдэг нь хамгийн чухал нээлттэй асуулт хэвээр байна.

Вашингтоны зүгээс үйл явцын өрнөлд нөлөөлөх чадвар нь Энэтхэгийн шийдвэр гаргах үйл явцыг хэр зэрэг ойлгож, түүнд хэрхэн нөлөөлж чадахаас шууд хамаарна. Гэвч Вашингтон, Шинэ Дели болон Дарамсалагийн (Төвөдийн цөллөгийн засгийн газар) байр суурь хоорондоо зөрүүтэй байгаа нь энэ зорилтыг улам хүндрүүлж байгаа бөгөөд Хятадын нөлөөллийн ажиллагаа ч энэхүү зөрүүг зориудаар дэвэргэж байх магадлалтай байна.

Илтгэлийн гол зүйлүүдийг тоймлон авч үзвээс:

  • Энэтхэгийн бэлтгэлгүй байдал: Энэтхэг улс шийдвэрлэх хүчин зүйл мөн боловч одоогоор зохих ёсоор ажиллах институцийн механизмгүй байна. Тус улсад Төвөдийн талаар баримтлах байнгын номлол, Далай ламын залгамжлалтай холбоотой хямрал үүссэн үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, салбар хоорондын төлөвлөлтийн механизм болон энэ асуудлыг хариуцсан нэгдсэн төрийн байгууллага байхгүй. Төвөдтэй харилцах асуудлыг тусгайлан хариуцдаг цорын ганц албан тушаал 2018 оноос хойш эзгүй хэвээр байна.

  • Төвөдийн цөллөгийн нийгэмлэгийн сулрал: Энэтхэгт амьдарч буй төвөд дүрвэгсдийн тоо 2009 оноос хойш 40 гаруй хувиар буурч, 110,228 хүнээс 60–65 мянга орчим болжээ. Энэ нь Далай ламын дараах үед төвөдүүдийн улс төрийн оршихуйг хадгалах институцийн суурийг сулруулж байна. Төвөдийн хийдүүд, сургуулиуд болон суурингуудын захиргаа анх төлөвлөсөн хүн амын тооноос хамаагүй цөөн хүнтэйгээр үйл ажиллагаа явуулах нь ихэсжээ.

  • Хятадын нөлөөллийн ажиллагаа өргөжсөн нь: Төвөдийн асуудлаар Энэтхэгийн эсрэг чиглэсэн Хятадын нөлөөллийн ажиллагаа эрс тэлж, өмнө нь гол суваг болж байсан Хятадын Коммунист Намтай (ХКН) холбоотой сүлжээгээр хязгаарлагдахаа больсон байна. Өдгөө хэдэн арван сая энэтхэг дагагчтай төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн платформууд, ХКН-ыг дэмжсэн хариулт өгдөг нь баримтаар нотлогдсон хиймэл оюун ухааны (AI) системүүд болон 2023 онд явуулсан нэр хүндийг гутаах зохион байгуулалттай кампанит ажлыг ашиглах болжээ. Хэдийгээр эдгээр ажиллагаа шийдвэрлэх амжилтад хараахан хүрээгүй ч жирийн олон нийтээс илүүтэй Энэтхэгийн улс төр, эрдэм шинжилгээний элитүүд уг нөлөөлөлд хамгийн эмзэг өртөж байна.

  • Гурван талын үл ойлголцол: Вашингтон, Дели болон Дарамсала нь Далай ламын залгамжлалын асуудлаарх бие биеийнхээ байр суурийн талаар дутуу, зарим талаар буруу ойлголттой явдаг. Энэхүү буруу ойлголтыг засах ямар нэгэн механизм, яриа хэлэлцээний суваг байхгүй байгаа бол Хятадын ажиллагаа эсрэгээрээ энэ нөхцөл байдлыг хэвээр хадгалахад чиглэж байна. Үүний үр дүнд Бээжингийн ашиглаж чадах стратегийн эмзэг цэг үүсээд байгаа юм.

Илтгэлийн төгсгөлд, хямрал нүүрлэхээс өмнө Далай ламын залгамжлал явагдах нөхцөл байдалд нөлөөлөх АНУ-ын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арван хоёр зөвлөмжийг АНУ-ын Конгресст санал болгожээ. Түүнчлэн "Энэхүү гэрээт тайланг АНУ-Хятадын эдийн засаг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хяналтын комисс (U.S.-China Economic and Security Review Commission)-ын Судалгааны ажлын хэсгийн хүсэлтийн дагуу, тус Комиссын хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор "Sankhara Strategies, LLC"-ийн Майкл Шиффер бэлтгэсэн болно. 110-161 болон 113-291 тоот хуулиудад заасны дагуу АНУ-Хятадын эдийн засгийн харилцаа, тэдгээрийн АНУ-ын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаарх Комиссын үргэлжилж буй үнэлгээний хүрээнд хөндөгдөж буй асуудлуудыг олон нийтэд илүү сайн ойлгуулах зорилгоор уг тайланг Комиссын цахим хуудсанд байршуулсан болно. Гэсэн хэдий ч, энэхүү баримт бичгийг олон нийтэд ил болгосон нь уг судалгааны тайланд тусгагдсан үзэл бодол, дүгнэлтүүдийг Комисс эсвэл Комиссын аль нэг гишүүн дэмжиж байна гэсэн үг биш юм" гэж дурдсан байна.

ДАРААГИЙН ДАЛАЙ ЛАМ МОНГОЛООС ТОДРОХ МАГАДЛАЛ БИЙ ЮУ?

Олон улсын геополитик болон шашны хүрээнд 15 дугаар Далай лам БНХАУ-ын хяналтаас гадуур буюу Монголоос тодрох магадлалтай тухай таамаглал нэлээд хүчтэй яригддаг.

  • Түүхэн жишиг: Түүхэнд IV Далай лам Ёндонжамц (1589–1617) Алтан ханы ач хүү болж Монгол нутагт мэндэлж байсан бөгөөд тэрээр төвөд бус үндэстнээс тодорсон цорын ганц Далай лам юм. Иймд шашны уламжлалын хувьд Далай ламын хойд дүр Монголд мэндлэх бүрэн үндэслэлтэй гэж үздэг.

  • X Богдын тодруулга ба Бээжингийн болгоомжлол: XIV Далай лам өөрийн хойд дүрийг "эрх чөлөөт ертөнцөд" мэндэлнэ хэмээн мэдэгдсэн. Тэрээр 2023 онд Монголын Буддын шашны тэргүүн X Богд Жавзандамба хутагтыг (АНУ-д төрсөн монгол хүү) батламжлах үеэр олон улсын хэвлэлүүд үүнийг "дараагийн Далай ламыг Хятадын хяналтаас гадуур тодруулах урьдчилсан сургуулилт" хэмээн дүгнэж байв. Хэрэв 15 дугаар Далай лам Монголоос тодорвол энэ нь манай улсыг АНУ, Хятад, Энэтхэг гэсэн гүрнүүдийн ашиг сонирхлын хамгийн эмзэг цэгт аваачих томоохон сорилт болно гэж судлаачид үздэг.

ТҮҮХЭН ЛАВЛАГАА: “THE GANDEN PHODRANG” (ГАНДАН ПРОДРАН) ГЭЖ ЮУ ВЭ?

Гандан Продран (Төвөдөөр: དགའ་ལྡན་ཕོ་བྲང) нь 1642 онд V Далай ламын үед байгуулагдсан Төвөдийн засаглалын тогтолцоо юм. Тухайн үед Хошуудын хаант улсыг үндэслэгч, ойрадын Гүүш хаан Шигацэ хотод болсон ёслолын үеэр Төвөдийн шашин, төрийн бүх эрх мэдлийг V Далай ламд өргөмжлөн шилжүүлснээр энэхүү засаглал үүссэн түүхтэй.

Уг ёслолын үеэр V Далай лам Лхас хотыг Төвөдийн нийслэл болгож, шинэ засгийн газрыг “Гандан Продран” хэмээн нэрлэх зарлиг буулгасан бөгөөд энэ нь яваандаа Буддын шашны Гэлүгба буюу Шар малгайтны урсгалын дээд удирдлагын төв болжээ. Төвөд хэлээр "Гандан" гэдэг нь ирээдүйн Майдар бурхан залардаг Түшидийн орны нэр, харин "Продран" гэдэг нь ордон, өргөө гэсэн утгатай юм. 1959 оныг хүртэл Төвөдийн засгийн газар Лхасын Улаан ордон болон Потала ордны дэргэд энэ нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол өдгөө Далай ламын албан ёсны сан үйл ажиллагаагаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08