Dark Light
Нийгэм | 2022-12-04

МАН-ын улаан, АН-ын хөх биш Монголын хар нүүрс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манайхаас хэзээ, хэдэн төгрөг хулгайлагдсан юм бэ? Бид яг сайн мэдэхгүй байна, та нар яс нарийн мэдэж байна уу? Яг ийм асуултыг Монголын тал нүүрсний хулгайн тухайд Хятадад хандан тавьж байна. Дөчин их наяд төгрөгийн 6-7 сая тонн нүүрс хулгайлагдсан байх бодит боломж мэдээж маш бага. Том том тоо ярьж төөрөхөөс илүүтэйгээр тодорхой баримт үнэнийг хэлж өгнө. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтайн үлгэр хэзээ, хэнээс, хаана эхэлсэн бэ? Хар нүүрсний том асуудал цагаан захтай том хүмүүстэй л холбогддог.  

Есөн жилийн өмнө, 2013 онд нүүрсний экспортод хулгай нүүрлэснийг илрүүлсэн боловч хэн ч гэм зэм хүлээлгүй өнгөрсөн нь өнөөдрийн хэрэг явдлын эх үндэс юм. УИХ-ын гишүүн, “Ажнай” хэмээх дөрвөн хөлтэй хурдан морь биш хоёр хөлтэй хүн Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийнх нь даргаар эзэн суусан орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниас өөрийнх нь хувийн “Тавантолгой транс”-ын экспортлохоор авсан нүүрс, хилээр гаргасан нүүрс хоорондоо зөрөөд байдаг. Д.Бат-Эрдэнийн нэг халааснаасаа авсан авсан нүүрс нөгөө хармаанд нь орохдоо 283 мянган тонноор зөрсөн. Төр засаг, хууль хяналтынхны ажлын хэсэг 2010-2012 онд нүүрс тээврийн 3800 машин улсын хилээр хоосон нэвтэрснийг аль 2013 онд тогтоосон ч улсын Ерөнхий прокурор хэрэгсэхгүй болгосон. Бүртгэлд оруулалгүй нүүрс гаргахаа нүүрс өшиглөнө гэдэг юм байна. Бөмбөг биш тонн тонноор нь нүүрс өшиглөж, үр дагаварт нь монголчуудын аваагүй татварын орлогоороо гоол алдсан гэсэн үг.  Д.Бат-Эрдэнэ саяхан сонинд ярилцлага өгөхдөө хүн хүнийхээ сайн сайхныг л олж хар, монголчууд атгасан шагай шиг эвтэй байх ёстой гэх зэргээр сургааль айлдахын хамт өөрийнхөө компаниас өөрөө хулгайлна гэж юу байсан юм бэ? гэж өөрөө өөрийгөө өмөөрсөн байна. Өөрийнхөө юмыг өөрөө хулгайлсан эсэх тухайд биш татвар төлөөгүй, эдийн засагт бүртгэгдээгүй, улсад сохор зоосны орлогогүйгээр алдагдсан нүүрсний талаар сөхөж байна. МАН-ын нүүрс, АН-ын ч нүүрс гэж байхгүй, Монголын хар нүүрс гэж л буй. Нам нь улаан, цагаан байх нь хамаагүй.

Муур ямар ч өнгөтэй бай, хулгана барих нь чухал гэдэг шиг аль ч намын хэн ч бай татвараа төлөхгүй, улсад сохор зоосны орлого нэмэхгүйгээр нүүрс экспортолж болохгүй. Нийслэлд зөвшөөрөлгүй 8 портер нүүрс оруулах гэж байгаад баригдаж хураагдаж байхад Хятадад 283 мянган тонныг яагаад нууж хааж гаргах эрхтэй байх ёстой вэ? 

Улсын мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад Баянхонгорын малчдын зээлийг хөнгөлөх мөнгөний бодлого  байх уу? гэж мөнгөний талаар гэнэхэн бодлогоширч, УИХ-ын танин мэдэхүйн дамжаанд сууж байгаа А.Адъяасүрэн гэж эмэгтэй бий. Нүүрс тээврийн нэг биш 5 компанитай. “Тэнгри транс групп”, “Ульгансартранс”, “Топтранс”, “Сан тээвэр” гэх мэт Хятадтай хамтарсан компаниудтай А.Адъяасүрэнд нүүрс тээврийн С зөвшөөрөл олгохдоо 100 мянган долларын авлига авсан гэх хэргээр АТҮТ-ийн 3 түшмэл мөрдөн байцаагдаж, орон шоронгоор явж байгаа бол мань бүсгүй харин мөнгөний талаар бодлогоширсон шиг ордон хавиар суусан хэвээрээ л байна. УИХ дахь АН-ын тамгагүй боловч өрөөтэйгээ үлдсэн Д.Ганбат даргатай бүлэг биш хэсэг нүүрсний хулгайг илрүүл гэж бидон нүдэхэд А.Адъяасүрэн нухацтай царай гарган, яг ард нь найрал дуучин мэт тоглосон шинжгүй зогсож байх жишээтэй. 

УИХ-д МАН-аас сонгогдсон Ц.Сэргэлэн генералын сэргэлэн түүх ч анхаарал татдаг. 1989 оноос хойш 30 гаруй жил хилийн цэрэгт алба хаасан ч дунд нь 3 жил шал өөр газарт ажилласан. Хилийн цэргийн командлагч, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн нүүрсний хулгай ид гаарч байсан 2013-2016 онд Хятадын “Чинхуа” группын хөрөнгө оруулалттай “Импайр газ” буюу “Хийн эзэнт гүрэн” хэмээх утга бүхий нэртэй компанийн Ерөнхий захирлаар ажиллажээ. Монголын хилийн цэргийн жанжны удирдсан “Импайр газ” компанийн ТУЗ-д бээр дундад улсын иргэн Зоу Шин Хуа, Шү Вэй Хуа, Ванг Хуй болон Ц.Элбэгдоржийн хар багын найз Б.Отгонбаатар нараас бүрдэж байжээ. Хилийн цэргийн генералын толгойлсон компани МСS-ийн “Петро лимитед компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Монголын хилийн цэргийн жанжин Хятадын компанийг удирдаж байхад ХХЕГ-ын ажилтан мэдээлэл устгасан асуудал таарч гарав гэдэг асуулт өөрөө хариулт нэхэж байна. Хил манах тангараг өргөсөн хүн хилээр нүүрс гаргадаг Хятадын компанийг 3 жил удирдаад, эргээд хилийн цэргийн командлагч болсныг ашиг сонирхол гэхгүй юм бол өөр юуг ашиг сонирхол гэх юм бэ? Манаачийг хэн манах юм бэ? гэдэг асуулт ч эндээс ургаж гарна.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10