Төрийн өмчит нэг л компанийн захирал юм шиг боловч их наядаар хэмжигддэг их том мөнгөн дээр гарын үсэг зурдаг учир Ганхуяг жараахай ч биш, цурхай ч биш, маш том тул. Захирал нь бүү хэл хэлтсийн дарга нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны бүтэн хороолол барих мөнгөтэй, тэр хэргээрээ гадаад улсын шүүхээр орохоор болсноос үзвэл Ганхуяг жараахай бүү хэл халим ч байж мэднэ. Жижигхэн жараахай жагсаалын зорилгыг гуйвуулж, мөнгө санхүү гаргаж, шүгэл үлээсэн Засгийн газар, бухимдаж дургүйцсэн жагсагчдаар тоглож чадахгүй. Жагсагчид дэгээгээр жараахай биш, тороор том тул барихыг хүсч, нэрс зарлахыг шаардаж байгаа. Б.Ганхуяг бол нэр. Нэр нэрдээ жижигхэн нэр биш. Наана цаана нь нуугдсан эвэртэн туурайтныг илчлэх нэлээн том нэр. Нэг нэрнээс эхлээд нэлээн олон нэрс гаргах нэр бол Б.Ганхуяг. Б.Ганхуяг захирлын төрсөн эгч, хүргэн ахынх нь компани зөвхөн 2019 онд ЭТТ компаниас авсан 796 тэрбумын тендер халаасны хулгай шиг жижиг биш. Жаргалантын аманд 17 тэрбумаар 22 хаус барьсан нь бага юм биш л байна. Б.Ганхуягаар эхэлж байгаа болохоос биш Б.Ганхуягаар дуусахгүй гэдэгт найдаж байна.
Нийгэм | 2022-12-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







