Dark Light
Нийгэм | 2023-04-11

Ц.Нямбаяр: 25 удаагийн түймэрт нийтдээ 200.000 орчим га талбай түймэрт автсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 8-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймэр салхины хурд болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр маш хурдацтай тархаж Дорнод аймгийн Матад болон Халх гол сумуудад тархсан. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагын 109 алба хаагч, мөн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ерөнхий газар сум орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 260 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэл ашиглан ажиллаж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд салхины хурд ихтэй цасан болон шороон шуурга шуурч байна. 

Түймэр гарсан газарт ажиллаж буй ажлын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга П.Соронзонболд мөн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нармандах дарга нар ахлан ажиллаж байна. Хамгийн сүүлд өглөө 8 цагт холбоонд орсон. Одоогоор олон салаалж шатсан түймрүүдийг унтраах ажлыг хийж байна. Монгол улсын шадар сайдын өгсөн үүргийн дагуу өчигдөр буюу /2023.04.10/ өдөр үндэсний аврах бригадаас зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгтэй 27 алба хаагч бүхий бүлэг газар дээр нь очиж үүрэг гүйцэтгэж байна. Дорнод болон Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. 

Өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуун хороот сумуудад хоёр удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Дорнод аймгийн бүх бие бүрэлдэхүүн Халх гол сумд гарсан түймэрт ажиллаж байгаа учир бид Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Хэнтий болон Улаанбаатар хотоос нэмэлт хүч татаж тухайн Чулуу хороот сум Булган сумд гарсан түймрийг бүрэн унтрааж хүлээлгэж өгсөн. Одоогоор эдгээр бүлгүүд шаардлагатай гэвэл Халх гол сумд түймрийг унтраахаар бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Улсын хэмжээнд найман аймгийн 15 сумдад 25 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Увс аймгийн Бөх мөрөн сумд гарсан түймрийг цурамд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр Сэлэнгэ сумын заагт гарсан түймэр дээр Дархан, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  85 алба хаагчид ажиллаж байна. Түймрийг унтраасны дараа Цагдаагийн байгууллагаас түймрийн шалтгаан нөхцөлийг тогтооно. Мөн тухайн нутгийн захиргааны байгууллагын Засаг даргын захирамж шийдвэрээр түймрийн хохирлыг тогтоох мэргэжлийн байгууллага болгоноос төлөөлөл оролцоод явах ажлыг хэсгүүд түймэрт учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг явуулдаг. Дараагаар нь дүн мэдээг нэгтгээд Онцгой байдлын газрын статистик тоон мэдээнд оруулдаг. Урьдчилсан байдлаар 25 удаагийн түймэрт нийтдээ 200.000 орчим га талбай түймэрт автсан гэх мэдээлэл байгаа. Дорнод аймгийн Халх гол сумд гарсан гал түймрийн хохирлын урьдчилсан мэдээллээр есөн айлын гэр, хашаа, саравч түймэрт өртсөн гэх мэдээлэл ирсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19