Өнөөдөр (2026.11.13) “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан Техникийн баг “Шивээ-Овоо” ХК-д ажиллаж байна.
Тус компани ирэх онд 2.4 сая тонн нүүрс нийлүүлэх захиалга авчээ. 162.5 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон байна. Гэвч инфляц, бараа, ажил үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж зардал өсөж буй нь томоохон сорилт болсныг компанийн удирдлагууд хэллээ.
“Шивээ-Овоо” ХК нэг тонн нүүрсийг 63.660 төгрөгийн зардлаар олборлож байгаа нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон нүүрс борлуулах үнээс 15 хувиар өндөр байна. Цаашид үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэлийн зардал одоогийнхоос 30 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг компанийн удирдлагууд танилцуулав. Иймд хороо тарифын хатуу бодлогоо зайлшгүй эргэж харах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.
Хоёр компанийн мэргэжилтнүүд хамтарч хийсэн хяналтын хэмжилтээр хөрс хуулалтын хоцрогдол 6.2 сая м3-т хүрснийг тогтоосон. Иймд хөрс хуулалтыг үе шаттай нэмэгдүүлэх үүднээс шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.
Толгой компанийн зүгээс тэсэлгээний цооног өрөмдлөгийн машин, дизель түлш нөөцлөх 700 м3-ийн багтаамжтай савны асуудлыг шийдэж өгсөн нь уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.
АДМИН





Нийгэм



