Насаараа зүтгэсэн ч Монголын төр иргэнээ ингэж л үнэлдэг. Өнөөдрийн нийгэмд Үр хүүхдүүддээ өв үлдээгээд хорвоогоос буцахыг хүссэн ч өр үлдээгээд тэнгэрт дэвшиж буй тохиолдол олон байна. Улс төрчдийн улны гэж тодотгодог ядруухан нэгэн бол эцсийн замд одохдоо ч хүн ёсны хүндлэлийг хүлээж чадахгүй нь ...
Та яг ямар зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ?
Уг нь бол товчхондоо нийгмийн даатгал нь та бидний амьдралд тохиолдолж болох жам ёсны болон гэнэтийн эрсдлийн үед тухайн даатгуулагчийн санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилготой. Гэвч бид төлж буй татвартайгаа дүйцэхүйц нийгмийн үйлчилгээг авч чадаж байгаа юу гэдэг асуулт хариулт нэхэж байна.
Монгол хүний ажиллах дундаж нас 25-35 жил. Та хэдий хэмжээний цалин орлогтойгоос үл хамааран сар бүр цалингийнхаа 13 хувийг шимтгэлд төлдөг. Хүн бүрийн төлж буй шимтгэл харилцан адилгүй. Та өндөр цалин авбал өндөр шимтгэл төлнө. Харин таны төлсөн шимтгэл юунд зарцуулагддаг вэ? Харамсалтай нь бодит байдал дээр таны насаараа төлсөн шимтгэл шороонд булагдахад авсны үнэд ч хүрэхгүй. Учир нь хэн хэдий хэмжээний шимтгэл төлсөн бэ гэдгээс үл хамааран нас барсны дараа оршуулгын тэтгэмж гэх хоёр сая төгрөгийг ар гэрт нь олгодог. Гэтэл буяны үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үнэ ханшийг судлахад импортоор оруулж ирдэг сайн чанарын авсны үнэ 2,5-4 сая төгрөгийн өртөгтэй байгаа бөгөөд бурхан болоочийн ар гэр оршуулгын зан үйлд нийт 5-15 сая төгрөгийг зарцуулж байна.

Буяны үйлчилгээны үнэ ханш 30-40 хувь нэмэгдсэн
Монголын төр нас барсан иргэддээ 2016 оноос өмнө 600 мянган төгрөг олгодог байсан бол 2016-2023 оны 1 сар хүртэл 1 сая төгрөг олгож байсан. Харин энэ оны нэг сараас эхлэн 2 сая төгрөг болгож нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Гэхдээ нас барсан иргэн бүрд олгохгүй. Тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд олгоно. Мөн оршуулгын тэтгэмжийг нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулан тогтоодог тухай албаны хүн хэлж байгаа ч буяны үйлчилгээ эрхлэгчид энэ төрлийн үйлчилгээ 30-40 хувь нэмэгдсэн тухай хэлж байгаа юм.
30 гаруй жил зүтгэж сар бүр нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж байсан ч тэтгэвэр тогтоолгоод удалгүй тэнгэрт дэвшсэн бүсгүйн ар гэр гомдолтой байна

Түүнийг Б гэдэг. Ханиа алдаж, өвдөх эрхгүй, үхэх эрхгүйгээр үр хүүхдийнхээ төлөө зүтгэж буй аав. Түүний гэргий 30 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж тэтгэвэр тогтоолгож гавъяаны амралтандаа гарсан ч тавхан сарын дараа өвчний улмаас таалал төгссөн. Миний хань зуу наслана гэж ярьдаг байсан. Энэ улсад борви бохис хийлгүй 30 гаруй жил зүтгэж сар бүр нийгмийн даатгал, шимтгэл төлж байсан ч тэнгэрт дэвшихэд нь оршуулгын тэтгэмж гэж нэг сая төгрөг л олгоод өнгөрч байгаад харамсаж байна. Ядаж үлдэж буй үр хүүхдүүдийг нь насанд хүртэл тэтгэвэрийг нь өвлөж олгодог бол хэмээн халаглаж сууна.
Нийгмийн даатгал зээлийн дэнчин үү? Эсвэл нийгмийн баталгаа юу?
Та ямар шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байна вэ гэсэн асуултад 10 хүний найм нь ипотекийн зээлэнд хамрагдах гэж хэмээн хариулж байна. Мөн зарим иргэдийн хувьд виза мэдүүлэхийн тулд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэх. Нийгмийн даатгал нь даатгуулагчийн санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилготой атал зээл авах дэнчин болсоор удаж байна.
АДМИН







Нийгэм







