АНУ-ын Вашингтон мужийн Такома хотод төвтэй, дэлхийн ядууралтай тэмцэх зорилготой, ашгийн бус "The Borgen Project" байгууллагын эрхлэн гаргадаг цахим сэтгүүл болох Borgen Magazine Монголын боловсролын тэгш бус байдлын тухай асуудлыг хөнджээ.
Улаанбаатар хотод ахлах сургууль төгссөн Эви гэх монгол бүсгүй The Borgen Project байгууллагад өгсөн ярилцлагадаа “Хөдөө орон нутгийн сурагчдын боловсрол эзэмших тэгш боломж ялгаагүй 'муу' байна” хэмээн ярьжээ. Түүний энэхүү үг нь хот, хөдөөгийн аль алинд нь эдийн засгийн байдлаасаа шалтгаалан боловсрол эзэмших тэгш бус байдал тулгарч байгаа Монголын нийгмийн давхарга хоорондын боломжийн зөрүүг илтгэж байгаа юм. Улаанбаатар хотын их сургуулийн оюутан, нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн эмэгтэй ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, “Хөдөө орон нутгийн боловсролын тогтолцоо үнэхээр сайн чанартай байсан ч сурагчдад нөлөөлдөг нийгэм, эдийн засгийн өөр олон хүчин зүйл бий” гэжээ.
Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын Жини индекс (тэгш бус байдлын үзүүлэлт) 2022 онд 31.4 байсан нь харьцангуй бага буюу 1998 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Энэхүү индекс нь ядуурлыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж буй бодлого, технологи зэрэг Монголын боловсролын салбарын дэвшлийг харуулж байна.
2010-аад оны туршид ядуурал хурдацтай буурсны улмаас Дэлхийн банк 2024 онд Монгол Улсыг дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд шилжүүлсэн билээ. Ингээд Монголд боловсрол ядуурлыг хэрхэн бууруулж байгаатай танилцъя.
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУД
Монголын ерөнхий боловсролын улсын сургуулийн багш нар түүхэндээ цалин багатай байсаар ирсэн бол хувийн сургуулийн багш нар илүү өндөр цалин авдаг. Эви “Улсын сургууль олон, хүн бүр суралцах боломжтой ч цалин багатай багш, хүйтэн, тохилог бус анги танхим нь сурагчид болон багш нарын урам зоригийг үнэхээр мохоож, энэ зөрүү улам бүр тэлсээр байна” гэв.
Олон улсын боловсролын байгууллагын (Education International) мэдээлснээр, саяхан Монголын багш нар ажил хаялт зарласны үр дүнд цалин нь 50 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү сайжруулалт нь зөвхөн сурагчдын амжилтад туслах төдийгүй өмнө нь автобусны жолоочоос ч бага цалин авдаг байсан багш нарын ядуурлыг бууруулахад чиглэжээ. Өндөр цалин нь урам зоригтой багш нарыг бий болгож, сурагчид ч хичээлдээ идэвхтэй оролцож, боловсролдоо хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй болдог.
АЛСЫН ХАРАА – 2050
Багшийн чанар бол Монголд боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах чухал хэсэг юм. Эви The Borgen Project-д хандан “Хүүхдүүдийн авч буй боловсрол багшаас л үнэхээр их шалтгаалдаг” гэж хэлжээ.
2023 онд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш нар сурагчдын амжилт болон багшийн гүйцэтгэлд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлийг судалж үзээд, багш нарыг ажлын байран дээр нь давтан сургахаас илүүтэй анхнаас нь багш бэлтгэх тогтолцоонд хөрөнгө оруулах нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
"Алсын хараа – 2050" бол багш бэлтгэх тогтолцоонд хөрөнгө оруулах Монгол Улсын урт хугацааны төлөвлөгөө юм. Багш нар ажлын гараагаа эхлэхээсээ өмнө зөв сургалтад хамрагдах, тэр дундаа Монголд сүүлийн үед хөгжиж буй хиймэл оюун ухааны (AI) технологитой хөл нийлүүлэн алхах дижитал боловсролын сургалтад хамрагдах нь нэн чухал байна. Энэ нь багш, сурагчдын аль алинд нь шинэ технологийг ашиглах боломжийг олгож, улмаар багш нар сурагчдад дэлхийн эдийн засагт өрсөлдөхөд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх нөөц бололцоотой болох юм.
СУРАГЧДЫГ ЯДУУРЛААС ГАРГАХ НЬ
Сурагчдыг ядуурлаас гаргахад чанартай улсын боловсрол зайлшгүй шаардлагатай. Өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нар сурагчдад илүү сайн боловсрол олгож, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлж чаддаг. Амжилттай суралцсан сурагчид сайн их сургуулиудад элсэн орох боломжтой болдог бөгөөд ялангуяа Монголд өндөр оноо авсан болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчдад 100 хувийн буюу бүрэн тэтгэлэг олгох тогтолцоо түгээмэл байдаг нь боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах гол арга зам болж байна.
The Borgen Project-д өгсөн ярилцлагадаа нэрээ нууцалсан нэгэн монгол эмэгтэй “...сургуулиудын гол санаачилга нь сурагчдыг үнэхээр хатуу, өрсөлдөөн ихтэй Элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) бэлтгэх явдал байдаг” гэжээ. ЮНЕСКО-гийн мэдээлснээр 2018 оноос хойш Монголын их, дээд сургуулиудад элсэн суралцах монгол оюутнуудын тоо мэдэгдэхүйц өсөх хандлагатай байна.
Улсын боловсролын тогтолцоо сайжирч, гадаад улс орнуудад суралцахаар явах монголчуудын тоо нэмэгдсээр байна. 2024 оны 11-р сард АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Америкийн коллеж, их сургуулиудад урьд өмнө байгаагүй олон монгол оюутан элсэн суралцаж байгааг мэдээлсэн нь дэлхийн шилдэг боловсролын тогтолцоотой орнуудад суралцахад сурагчдыг бэлтгэх, дээд боловсрол эзэмшиж ядуурлаас гарахад нь нөөц боломж олгох чиглэлээр Монголын боловсролын тогтолцоо сайжирсныг харуулж байна. World Education News and Reviews-ийн мэдээлснээр олон оюутан Монгол Улстай боловсролын дипломат гэрээтэй улс орнуудад суралцахдаа тусламж, тэтгэлэг авдаг. Мөн тэд сургалтын төлбөрөө санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Орчин үеийн дэлхийн эдийн засаг улс орнуудын санхүүг нягт холбож байна. Монгол зэрэг улс орнууд байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх аялал жуулчлал болон Хятад зэрэг томоохон улс орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байна. Тухайлбал, 2026 оны 6-р сард Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа болон хоёр улсын хоорондох шилжилт хөдөлгөөнийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн. Монгол Улсын олон улс дахь оролцоо өсөн нэмэгдэж байгаа нь монголчуудад зөвхөн боловсрол төдийгүй олон гадаад оронд ажиллаж, аялах, харилцаа холбоо тогтоох, хэл сурах боломжийг олгож, улмаар Хятад, Монголоос бусад улс оронд ирээдүйд ажиллах магадлалыг нэмэгдүүлж буй том боломж юм.
ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
Хиймэл оюун ухаан (AI) нь англи зэрэг түгээмэл хэлнүүдтэй харьцуулахад монгол хэл дээр ерөнхийдөө муу ажилладаг. The Economist сэтгүүл 2026 оны 3-р сард нийтэлсэн өгүүлэлдээ хиймэл оюун ухаан нь англи, испани зэрэг түгээмэл хэл дээр илүү оновчтой, тустай хариулт өгдөг бол англи хэлнээс ялгаатай хэл рүү шилжих тусам хариултын чанар нь мууддаг тухай мэдээлжээ. Селин гэх охин “Би ахлах сургуулийнхаа төгсгөл хүртэл ChatGPT зэрэг хэрэгслийг ашиглаж эхлээгүй. Миний хичээлүүд бүхэлдээ монгол хэл дээр явагддаг байсан болохоор хиймэл оюун ухааны хэрэгслүүд практик ач холбогдол багатай, монгол хэл дээр ихэвчлэн буруу эсвэл хиймэл, авцалдаагүй хариулт гаргадаг байсан” хэмээн дурсав.
Харин сүүлийн үеийн хиймэл оюун ухааны загварууд монгол хэл дээр тусламж үзүүлдэг болсон бөгөөд үүний нэг нь Монголын хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн бүтээсэн Эгүнэ AI (Egune AI) юм. Тэд сурагчдыг Селиний туулсан шиг муу орчуулагдсан текстээр хязгаарлахгүйн тулд унаган монгол хэл дээр тусламж үзүүлэхээр бүтээжээ. Соёл, хэлэнд нь зориулан бүтээсэн хиймэл оюун ухаан нь ядуурлыг бууруулахад гайхалтай нөлөө үзүүлж чадах бөгөөд боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах гол арга зам болж байна. Эгүнэ хиймэл оюун ухаанаа монголчуудад зориулан монгол хэлээр програмчилсан нь тэдэнд унаган англи хэлтэй хүмүүс ChatGPT зэрэг загварыг ашигладагтай ижил туршлагыг мэдрэх боломжийг олгож байна. Энэ нь монголчуудад эрдэм шинжилгээ, хичээлийн сэдвээр мэдээлэл хайж, ойлголтоо сайжруулахад унаган англи хэлтэй хүмүүстэй илүү тэгш боломж олгож, улмаар сурлагадаа амжилт гаргаж, илүү олон боломжийг нээхэд тусалж байгаа юм.
ДҮГНЭЛТ
Монгол Улсын боловсролын тогтолцооны дэвшил нь сурагчдын боломжид хамгийн гайхалтай байдлаар гүн гүнзгий нөлөөлж байна. Тэдний хэрэгжүүлж буй бодлого, технологи нь эдийн засгийн тэгш байдал, олон улсын нөлөөллийг бий болгох чадамжийг харуулж байгаа бөгөөд бусад улс орнууд ч боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах Монголын энэхүү загварыг дагах боломжтой юм.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




