Dark Light
Нийгэм | 2023-04-12

ХЭҮК: 29 дүгээр сургуульд хийсэн шалгалтаар хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн референт Р.Нэнсэндэн, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн хэрэгжилтэд 2023 оны хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын урьдчилсан дүнг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр тус сургуулийн нийт албан хаагчид танилцуулсан бол шалгалтын эцсийн дүнг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Комиссоос хийсэн энэ удаагийн хяналт шалгалт нь хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоход бус харин ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө сурагчдын сурч, боловсрох эрхийг хангаж, хамгаалахад эерэг өөрчлөлт гаргахад ач холбогдол оршиж байгаа юм. Шалгалтаар хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрсэн. Тиймээс шалгалтын дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлага хүргүүлж байна. Шаардлагын биелэлтийн мөрөөр ирэх 2023-2024 оны хичээлийн жил эхлэх үед дахин хяналт шалгалт хийнэ” гэдгийг онцоллоо.

 

Комиссоос тус сургуулийн болон дотуур байрны гадаад, дотоод орчинд ажиглалт хийж, удирдах албан тушаалтнууд, багш нар, туслах ажилтан, ахлах, дунд, бага ангийн сурагчидтай бүлгээр болон ганцаарчлан ярилцаж, ахлах ангийн сурагчдаас санал асуулга авч, сургуулийн үйл ажиллагаанд холбогдох захиргааны баримт бичигт дүн шинжилгээ хийсэн юм.

Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд нийт 273 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагийн 44 хувь нь орон нутгийнх, 56 хувь нь Улаанбаатар хотын сурагч. Харин сургуулийн дотуур байранд Улаанбаатар хот, 21 аймгийн 100 сурагч амьдардаг бөгөөд эдгээрийн 43 хувь нь эмэгтэй, 57 хувь нь эрэгтэй.

Сургуулийн сурагчдын сонсгол, хэл яриа, оюуны бэрхшээл харилцан адилгүй бөгөөд нийт сурагчдын 179 нь сонсголын бүрэн алдагдалтай, сул сонсголтой 24, хэл ярианы бэрхшээлтэй 29, дунгийн суулгацтай 41 сурагч байна. Түүнчлэн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 23 сурагч байгаагаас оюун ухааны бэрхшээлтэй 4, хөдөлгөөний бэрхшээлтэй 12, дауны синдромтой 1, аутизмын хүрээний эмгэгтэй 5 сурагч суралцдаг. Багшлах боловсон хүчний хувьд дунд, ахлах ангийн 43 багш, бага ангийн 13 багш, дотуур байрны 6 багш, 15 туслах багштай үйл ажиллагаа явуулдаг.

Комиссоос хийсэн шалгалтаар төрөөс сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох бодлого, 29 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөрийг судалгаанд үндэслэн, оновчтой тодорхойлоогүй, сургалтын агуулга нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд дохионы хэл заах, дохионы хэлээр дамжуулан боловсрол олгохоос илүүтэй хэл засал болон авиа тавилтын арга зүйд суурилж, хүүхдүүдийг авиа гаргах, ярьж сургахад төвлөрдөг нь оновчтой шийдэл биш гэж үзэв.

Мөн хичээлийн агуулгыг сурагчдын нөхцөл байдалд нийцүүлж боловсруулаагүй, сургуулийн барилга болон дотуур байранд сүүлийн 17 жил урсгал засвар гүйцэт хийгээгүй, урсгал засвар хийхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй, сургуулийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай дүрэм, журмын боловсруулалт хангалтгүй, сургуулийн удирдлагын томилгоо тогтворгүй байдал нь сургуулийн хэвийн үйл ажиллагаа болон сургалтын чанарт сөргөөр нөлөөлсөн, сургуулийн дотуур байранд хүүхэд эрүүл өсөх, аюул, айдас түгшүүргүй амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх орчин бүрдээгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд хийсэн дээрх шалгалтаар илэрсэн хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор тус сургуулийн захирал С.Батмягмарт дараах шаардлаыг хүргүүллээ. Тус шаардлагад,

Шалгалтын урьдчилсан дүнг танилцуулах хурлын үеэр зөвлөсний дагуу сургуулийн удирдлага, зохион байгуулалт, багш нарын хамтын ажиллагаа, ажиллах эерэг уур амьсгалыг бүрдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нийт багш, ажилтнуудын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх.

Сургалтын чанар, үйл ажиллагаандаа дотоод үнэлгээ хийж, сургуулийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, сургалтын чанарыг ахиулах боломжит арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийг шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах; Багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлдэг, хичээл ордоггүй байдлыг нэн даруй таслан зогсоож, зөрчил гаргасан багш нарт хариуцлага тооцох.

Багш, ажилтнуудын дохионы хэлний чадварыг сайжруулах арга хэмжээг шат дараатай авах, тус сургуульд ажиллаж буй бүх багш, ажилтнууд дохионы хэлээр харилцах чадвар эзэмшсэн байх хугацааг тогтоосон, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.

Сурагчдын санал, хүсэлтийг тусгаж, 2023-24 оны хичээлийн жилээс мөрдөгдөх хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах; Сургуулийн секц, дугуйлан, хичээлээс гадуурх арга хэмжээнд зориулсан танхим, хэрэгсэл бодитой ашиглагдахгүй байдлыг зогсоох.

Сурагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх механизмыг сайжруулах, багш ажилтанд холбогдуулан сурагчдаас гаргасан гомдлын нууцлалыг хангах; Сурагчдын дунд гарч байж болзошгүй үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, таслан зогсоох үр дүнтэй арга хэмжээ авах, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг сурагчдын дунд тогтмол явуулах;

Шалгалтаар илэрсэн сургуулийн дотуур байртай холбоотой зөрчил дутагдлыг нэн даруй таслан зогсоох, засаж сайжруулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх; Дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох;

Сурагчдын хоол, хүнсний чанар, хүртээмжид байнгын хяналт тавьж, хоолны орц, норм, илчлэгийг тогтмол шалгаж хэвших; Дотуур байранд амьдардаг сурагчид өлсдөг гэж нийтлэг мэдээлсэн байгаад анхаарал хандуулж, бодит байдлыг тогтоох;

Сургуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой, тус сургуульд боловсруулж, батлаагүй дүрэм, журмыг тодорхойлж, архив, албан хэрэг хөтлөлтийн дагуу зохион бүрдүүлж, мөрдөх.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шаардлагын мөрөөр арга хэмжээ авч, баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор ирүүлэхийг шалгалтын дүн танилцуулах уулзалтын үеэр мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10