ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллаж, ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, барилга байгууламж, засвар-үйлдвэрлэлийн өнөөгийн байдалтай танилцсаны зэрэгцээ тус ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр ангийн захирагч хурандаа М.Батдорж ангийн үндсэн үүрэг, өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх, хөдөлгөөнт засварын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй бүтээлч ажил, төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.
Тус анги нь 2023 онд "Техникийн угаалга цэвэрлэгээний хэсэг", "Артиллерийн их бууны тэгш ус", "Зэвсгийн засварын чиргүүл", “6СТ-140ЭМ аккумуляторын батарей сэргээн засварлах туршилт” зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2021 онд 4 загварын 25 нэгж тусгай зориулалтын автомашиныг угсарч үйлдвэрлэсэн амжилтаа бататган, хөнгөн хуягласан "Мазаалай" загварын автомашиныг Камаз загварын 4326 (4x4), Камаз загварын 4318 (6x6) чирэгч автомашины явах анги, хүч дамжуулах анги дээр угсарч үйлдвэрлэхээр тооцоо, судалгааны ажил явагдаж байна.
Уулзалтын төгсгөлд хурандаа Б.Түвшинтөр БХЯ, ЗХЖШ-аас тус ангийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж байгааг онцлон дурдаад, нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв.
АДМИН








Нийгэм




