Баянхонгор аймгийн ард иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж эмчлэх, эмчилгээний тусламж үйлчилгээг ойртуулах үүднээс Канад Улсын “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын эмч Хью Парсонс тэргүүтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнийг Баянхонгор аймагт урьж ажиллуулж байгаа бөгөөд тус баг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Галуут сумын эмнэлэгт ажиллаж, үзлэг оношлогоо хийлээ.
Тус сан нь нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийхийн зэрэгцээ нүдний бүх төрлийн хагалгааг орон нутгийн нөхцөлд үнэ төлбөргүй хийдэг. 2015 оноос хойш Монгол Улсад жил бүр ирж ажилласан бөгөөд нийт 95 мянган хүнд үзлэг эмчилгээ хийж, 4000 гаран хүнд нүдний (катаракт) болон бусад төрлийн мэс засал хийсэн туршлагатай баг юм.
“Laurel Surgical Foundation” байгууллага, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй нүдний өвчлөлийг бууруулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Тус баг бүрэлдэхүүн энэ жил Баянхонгор аймагт 2-3 удаа ирж, мянга гаран хүнд үзлэг, оношлогоо хийж, нийт 100 гаран хүнд хагалгаа хийхээр төлөвлөж байна.
Сангийн гол зорилго нь манай улсын ард иргэдэд нүдний чиглэлийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг ойртуулах, газар зүйн саадыг арилгах улмаар нүдний эмч нарыг чадавхижуулах, орон нутагт эмчилгээ оношлогоо хийхэд дадлагажуулж, сургахад чиглэж байгаа юм.
АДМИН








Нийгэм







