“Нэг амьдрал-нэг элэг” уриан дор тэмдэглэж буй гепатитын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох албаныхан хийж буй ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тавьсан зорилтынхоо талаар зарим мэдээллийг өгсөн юм.
НЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор С.Өнөрсайхан:
1980-аад оны дундуур Т.Гомбосүрэн нарын эрдэмтэд Монгол хүн амын дунд вируст гепатитын халдвар аяга, шанага, халбага сэрээгээр буюу ахуйн хавьтлын замаар торхаж байгааг илрүүлсэн бөгөөд Г.Олзвой докторын судалгаагаар монгол эхээс урагт вирус халдварлах байдал 0.6 хувь байгааг тогтоосноор манай улсын хувьд хүүхэд эхээс төрснөөсөө хойш халдвар авах нь их байгааг нотолсон. Иймээс 1991 оноос хүүхдийг төрснөөс нь 24 цагийн дотор гепатит В-ийн вакцинаар дархлаажуулах бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2000 онд вирусийн тархалт 13 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 дахин, нийт вируст гепатитын өвчлөл 4.6 дахин тус тус буурсан. Төрөх үедээ халдвар авсан тохиолдлын 90 хувь, тав хүртэлх наснаас хойш авсан тохиолдлын 10 хувь нь архаг болдог бөгөөд архаг гепатит өвчтэй хүмүүсийн дийлэнх нь шинж тэмдэггүй байсаар эцэстээ цирроз, ба элэгний хавдарт хүргэж байна.
ЭЛЭГНИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Энэ удаагийн "Нэг амьдрал, нэг элэг" уриан дор Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан дараах уриалгыг дэвшүүллээ.
- Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг дэмжих чиглэлээр ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах.
- Халдварыг эрт илрүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийж, цаг алдалгүй арга хэмжээ авах явдлыг дэмжих.
- Шинэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа эмзэг бүлгийн хүн ам, нярайг вакцинжуулах ажлыг дэмжих.
- Гепатитаар өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдлыг арилгаж, бүх хүнд тустай, ойлголцох орчныг бүрдүүлэх.
- Хямд үнэтэй, үр дүнтэй эмчилгээ тэгш хүртээмжтэй байх боломжийг баталгаажуулж, энэ халдварыг устгах аянд хэнийг ч үл орхигдуулах.
АДМИН






Нийгэм




