Dark Light
Нийгэм | 2023-07-30

Г.Болор: Манлайлагч байх нь албан тушаал эрх мэдэлтэй байхын нэр биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас залуу офицеруудыг дэмжих хүрээнд олон ажил, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. 

Тэгвэл энэ удаа ЗХЖШ, ХХЕГ-тай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гадаадын цэргийн академи, их дээд сургууль төгссөн залуу офицеруудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл болсон 72 залуу офицер оролцож төрийн тусгай алба хаагчдын манлайллын нийтлэг зарчим, агуулгыг тодорхойлохын зэрэгцээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын  хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгэмд эерэг хандлага түгээж, зөв үлгэр дуурайлал үзүүлэх хүрээнд санал солилцсон юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор залуу офицеруудад хандаж хэлсэн үгэндээ “төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад баримтлах цэргийн манлайллын тулгуур баримт бичиг боловсруулах ажил дуусах шатандаа орсон. Энэхүү баримт бичиг нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүний манлайллын сэтгэлгээг нэгтгэж, үнэт зүйл, үзэл санаа, зарчмын нэгдмэл ойлголттой болоход зүг чиг нь болно гэж найдаж байна. Товчхондоо манлайлагч байх нь албан тушаал эрх мэдэлтэй байхын нэр биш. Бусдад урам зориг өгч, тэднийг гэрэлт ирээдүй өөд хөтлөх чадвартай байх явдал” болохыг онцлов. 

Үргэлжлүүлэн ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга бригадын генерал Д.Мөнгөнжин оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр “хийж бүтээх, шинийг санаачлах залуу насны эрч хүч, урам зоригоор дүүрэн залуусыг харах сайхан байна. Хил хамгаалах байгууллага та бүгдийг гуравхан зүйлд уриалан дуудахыг хүсэж байна. Нэгдүгээрт бид бүгд харилцан бие биесээ хүндэтгэж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт бусдыг хайрлах, энэрэх ухаанд суралцаасай. Гуравдугаарт бусдыг зөв замд уриалан дуудах нөлөөлөгч байгаасай гэж хүсэж байна. Дээрх гуравхан зүйлд суралцаж чадсан цагт бид нэгэн зүгт харж хөгжихийн зэрэгцээ нийгэмд манлайллын тухай ойлголтыг өөрсдийн биеэр үлгэрлэх болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Чуулга уулзалтаар “Төрийн албаны манлайлал ба үнэт зүйл”, “Манлайллын тухай ойлголт”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд бидний оролцоо ба манлайлал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж төгсөлд нь “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга” ба “Хамтын ажиллагааны зарим асуудал” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг хийж залуу офицерууд санал бодлоо хуваалцлаа.

Эх сурвалж: "СОЁМБО" РЕДАКЦ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19