Морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Ланд-200 хөлөглөсөн зүрхгүй хүмүүсийн лайтай явдал, ланчигтай дуулиан тасрахгүй байна. Ландаа унана уу, лаагаа иднэ үү хамаагүй, лай ланчиг дагуулаад байна. Хөдөлмөрийн баатар Л.Чинбат машид ажилсаг гэж магтуулдаг шигээ бүр өөрөө жолоо мушгин морьтой, мотоциклтэй хүн элдэн хөөсөн бол шүдний эмч Маралмаа хотод 2 хүүхэд, 7 машин ташраар нь дайрсны араас “Ланд” машин дотроосоо хүн нохойд уруулахыг үзэж сонирхсон хөгийн хэрэг гарлаа. Сүрэг нохойд бариулж байгаа хүнд туслахад заавал цөс зүрх ихт, сүрхий баатар зоригтон байх ямар ч хэрэггүй. Гарт тааралдсан мод, чулуу, дорцоов, труба, өмднийхөө тэлээг ч болов барьж далайж, хатгаж савлаж, хашхирч гууглан хөөж туухад болно. Харин 31-32 улсын дугаартай, хар Ланд-200-тай жолооч сүрэг нохой бүсгүйг боорлон урж буйг цонхоо онгойлгон харж байгаад сүүл хавчин зайлсан нь хүний үнэргүй, хөгийн шившигт явдал боллоо. Мод чулуу барьж ирээд тусалсан залуу баатар биш боловч хүн юм. Нохдод хүн бариулж байхад туслах нь ер бусын баатарлаг үйл хэрэг биш боловч хүн шиг хүний хүн ёсны үйлдэл юм. Хар амиа хоохойлогч хар Ландтай өвгөн холдон зайлж байгаа нь мод чулуу барьсан залууд зам тавьж өгсөн гэхээс илүү машинаа сэвтээчихээс айсных нь илрэл болсон байна.
Эзэнтэй эзэнгүй, хүзүүвчтэй хүзүүвчгүй зургаан нохойд уруулсан гурван хүүхдийн ээж бүсгүй, 20 орчим оёдол тавиулжээ. Өмнөговь аймгийн цагдаагийн газар төмөр хүлэг унасан толгойгүй биш сэтгэлгүй хүнийг дуудаж мэдүүлэг авсан боловч эрүүгийн ял шийтгэлгүй юм байна. Эрүүгийн хуулийн 2017 оны шинэчилсэн найруулгаар бусдыг амь биед аюултай байдалд орсон байхад тусламж үзүүлээгүй бол хариуцлага тооцдог байсан заалт алга болжээ. Хуулиар шийтгэлгүй ч хүний нийгмийн жигшил түүнээс хүчтэй. Эмэгтэй хүн, эх хүн нохдод хүүлүүлж байхад орхиж зугтах нь талын зоригт баатруудын үр сад бүү хэл хүн төрөлхтний ёс журмаас гажууд шившигт үйлдэл юм. “Титаник” хөлөг живж байхад эрчүүд нь үлдэж, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгийн түрүүнд авардаг нь иргэний журамт үүрэг, хүний ёсны хэм хэмжээ билээ.
АДМИН







Нийгэм




