Dark Light
Нийгэм | 2023-09-10

Голыг гол гаргаж амжихгүй ээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль шүүхийг худалдаж авлаа ч хурмаст тэнгэрийг хур бороотой нь хуурч чадахгүйг голын голдирол боож боссон өнөөдөр нураагдаж эхэлсэн барилгуудын гунигт түүх харуулж байна.  Нийтийн эрх ашиг, аюулгүй байдлыг гол гаргалаа ч голыг өөрийг нь гол гаргаж болдоггүйг баталж байна. Сэлбэ голын урсгалыг нарийсган боосон S outlet  дэлгүүрээс болж  үерийн далан сэтрэн задарч, ойр орчмын олон зуун айл эд хөрөнгөөрөө хохирсон. “С сайн” гэдэг эерэг нэртэй компанийн сөрөг үйлдлийн эзэн нь Д.Батзориг гэгч. Д.Батзориг компаниа өөр хүний биш өөрийн эхнэр Ц.Бямбабаяртаа шилжүүлснээ бусдаас худалдаж авсан, холбоо барих гээд чадахгүй байгаа гэж менежерээрээ яриулаад хоёр алхахгүй баригдсан. Сүхбаатар дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдсоныхоо хүчийг ашиглаж гол доторх газраа томруулсаар байгаад гол усны үерийн хүчийг нэмсний гай гамшиг ингэж гарсан.   

 Дараагийнх нь Авлига хэмээх Акуа гарден. Дунд голын дунд нь барьсан, усан паркгүй усан паркын захиалагч гэх хүмүүс, зарим талаар энэ компанийн ажилтнууд үхлээ шүү, хатлаа шүү гэж айлгасан ч үер усны гамшгаас  4 халуун амь аль хэдийнээ эндэж, олон мянган айл өрх эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Дорнын тооллоор усан жаран эхэлж байгаа бөгөөд ирэх зуны эхний өдрөөс эхлэн их хэмжээний үер устай байх урьдчилсан таамаг дүгнэлтүүд гараад байна. Нэг талаас хувийн өмч боловч нөгөө талаас бусдын хувийн өмчийг хохироодог, амь насыг авч оддог халдашгүй дархан эрх гэж үгүй юм. Өвөл болохоор хүйтэн болдог. Зун болохоор бороо ордог. Бороо их орохоор үер болдог. Гол дунд байшин барьдаггүй. Бүхнийг гол гаргавч голыг гол гаргаж болдоггүй ээ гэж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19