Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 17 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд бэлтгэл ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 74 сургууль, 110 цэцэрлэгт орчны стандарт хангуулаад байгаа юм. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Хүүхдийн тоглоомын талбайн 132 байршилд хяналт шалгалт хийснээс 98 талбайд стандартын шаардлага хангуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зөрчилтэй 17 самбарыг албадан буулгалаа.
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Мөн Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:
Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар дөрвөн иргэнийг аварч ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1135, аврах ажиллагааны 398, нийт 1533 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад тав орчим хувиар өссөн үзүүлэлт.
Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 161 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч зугаалж явсан 2306 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан гэлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хяналтын камераар 28 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан. Нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн байна хэмээлээ.
АДМИН






Нийгэм




