Батлан хамгаалах яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг 2023 онд Архангай аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны захирамжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Архангай аймгийн хүүхэд, залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төсөл тус аймагт хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн санаачилгаар болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, 2022 онд нийслэл Улаанбаатар хот, өнгөрөгч 5 дугаар сард Булган аймагт амжилттай зохион байгуулагдсанаар орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн “Бидний бахархал” төсөл энэ удаад Архангай аймаг, тэр дундаа бүх сумдад хэрэгжинэ.
“Бидний бахархал” төслийн нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яамны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав, тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид болон иргэд, хөдөлмөрчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

Үүний дараа “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав болон "Монгол хурандаа" нийгэмлэгийн гишүүдээс бүрдсэн лекторын баг эх оронч үзэл, тусгаар тогтнол, үндэсний бахархал, монгол эр хүн зэрэг сэдвээр илтгэл тавилаа.
Үргэлжлүүлэн “Тусгаар тогтнолын үнэ цэн” контент, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулсан юм.
Энэ үеэр ҮБХИС-ийн бүтээлийн үзэсгэлэн болон Монгол цэрэг-Дэлхийн цэрэг гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.
Монгол Улсын маршал, өрлөг жанжин Г.Дэмид тэргүүтэй үе үеийн эх орончид, төр нийгэм, цэргийн зүтгэлтнүүд төрөн гарч, Чөлөөлөх дайнд 700 гаруй ахмад дайчин оролцсон тус аймагт “Бидний бахархал төсөл” хэрэгжиж байгаад орон нутгийн иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
АДМИН





Нийгэм




