Цавчаа ногооны булай дээр цайчихсан улааны булхай цухуйж эхэллээ. Цахилгаан улаан “Скайвел” автобусны үнийг цавчин нугалсан баримтууд сөхөгдөж байна. Нэг нь 105 мянган доллар буюу 367,5 сая төгрөг, бөөний үнээрээ болж 95 мянган долларын автобусыг 667,5 сая төгрөгөөр шахжээ. Нийт 160 цахилгаан автобус авсан гэхээр 48 тэрбум төгрөгийн цайчихсан улаан цавчаа юм. Бөөний үнээр нь тооцвол автобус бүрээс 300 биш 335 сая төгрөг нугалан цавчиж, нуга хуга дамласан байна. Арван пиво авбал нэг үнэгүй өгч болдог. Шинэхэн буяны үйлчилгээний компани хүртэл гурван захиалга өгвөл нэгийг үнэгүй гэх нь холгүй урамшуулал зарладаг. Харин түгжрэл хариуцсан сайд, дарга нар бүр 160 автобус бөөндсөн мөртлөө жижиглэнгийн үнээр авмаар байсан юм байна. Засгийн газраас нийтийн тээврээ шинэчлэхийг дэмжиж автобус нэг бүрээс авах байсан НӨАТ, гаалийн татвар 150 сая төгрөг тэгэлсэн.Аваагүй татвар нь нь нийтдээ 24 тэрбум. Цавчаа, татваруудаа нэгтгэвэл 72 тэрбум төгрөг болж байна.
Ногоон дээр цахилгаан улаан, зурагнаасаа нэг метрээр богино, нум нь хүртэл өөр болчихсон дизелээр явдаг Голден драгон гэдэг бас өөр улаанууд, цас цэвэрлэх нэртэй дөрвөлж тоос сорогчууд, сургуулийн хүүхдийн монхор шаруудын цавчаа булхайнуудыг бүгдийг сөхөгдвөл бөмбөгдөөд пуужиндаад хаячихсан юм байна. Эхний зуун хулхи ногооны хохирлыг яаж барагдуулах вэ гэж цугаараа олноороо бачимдаж байхад цуврал цавчаанууд өнгө өнгөөрөө, төрөл төрлөөрөө илчлэгдэн дэлгэгдсээр байх төлөвтэй байна. Нэг дарга, нэг сайд нэг нэг сандлаасаа буулаа гээд тэр сэнтийг нь автобус болгоод хөл дүүжлэхгүй, мөнгө болгоод хохирол барагдахгүй, авлигын эсрэг тэмцэл ахиж урагшлахгүй юм.
Цавчаа ногоон дээр цавчаа улаанууд нэмэгдлээ. Загас биш хүн гэдгээ батлах ой санамж байна уу? Загас шиг дуугүй байцгаах уу?
АДМИН








Нийгэм


