Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн тоо, хохирол нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байна.
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1328, аврах ажиллагааны 418, нийт 1746 дуудлагатай байна.
2022 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13,1%-аар буурсан нийт дуудлага 4%-аар өссөн үзүүлэлтэй байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эрсдэлгүй- Улаанбаатар” аяны хүрээнд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн Баянзүрх дүүрэгт 6200, Хан-уул дүүрэгт 1310 нийт 7510 зөрчлийг илрүүлж ажиллаж байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан эрүүл мэнд,амь нас,эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл нэмэгдэж байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна гэсэн дуудлага 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, 3 км замыг 5 минутад туулж, 03:53 цагт хүрэлцэн очиход 7х7 хэмжээтэй 2 давхар амины орон сууц, 4х4 хэмжээтэй залгаа автомашины граж, бүрэн шатсан, галын шаталга хашааны баруун хойд талд байрлалтай 6х6 харьцаатай дүнзэн байшин руу орсон нөхцөл байдалтай байсан.
Уг байшинд нийт 12 иргэн байснаас 5 хүүхэд аврагдаж, 7 иргэн гал түймэрт өртөж амь насаа алдсан. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн бүрэлдэхүүн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн баг шалтгаан нөхцөлийн тогтоохоор ажиллаж байна.
Гал түймрийн аюулаас эд хөрөнгө, хайртай дотнын хүмүүсээ хамгаалах нь тавих анхаарал, сэрэмжээс шууд хамааралтай. Галын аюулгүй байдлаа хангаж, амь нас,эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалъя.
АДМИН








Нийгэм


