Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр:
"Монгол эх орныхоо нийслэл хотын түүхийг бичилцэж, монгол түмнийхээ бүтээн туурвиж, өвлүүлэн үлдээсэн гүн бат зам мөрийг үргэлжлүүлэн зурж, бүтээлцэж яваа эрхэм ТАНД нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.
Улаанбаатар хотын түүхийн эхлэлийг шастир номын хуудаснаа “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ цаг мөчөөс нийслэл хот маань монгол хүн бүрийн хөгжин дэвжих, хотжин хөгжих хүсэл тэмүүллийн эх нутаг, өргөө хот болсон билээ.
Ажил, амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулж буй энэ цаг хугацаа Та бидэнд илүү сайныг бүтээж, илүү сайханд тэмүүлэх түмэн шалтгааныг учирлаж, түмэн алдааг ч нээн харууллаа. Иймд Монгол эх орны маань нүүр царай, нэрийн хуудас болсон Улаанбаатар хотоо дэлхийн энтэй хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх эрхэм ерөөлийг өргөе.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэл Улаанбаатар хот үүрд мандан бадраг" гэлээ.

АДМИН








Нийгэм




