Dark Light
Нийгэм | 2023-11-01

Монголын бурханы шашны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх зохиол үйлс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд түүний Монголын Бурханы шашны түүхэнд гүйцэлдүүлсэн бодлогын зарим амин чухал зохиол үйлсийг нь товч сийрүүлбэл;

1. Ирээдүйд Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй барих судар, тарнийн их гуу санд сонсох, санах, бясалгахын үүднээс зэргэмжлэн төгсөх лам хуврагуудын суралцах үүдийг Хутагт Энэтхэгийн оронд нээсэн

2. Анхдугаар Богд гэгээн Жэвзүндамба хутагт Өндөр гэгээний үүтгэсэн Их хүрээний шууд залгамж болох Гандантэгчэнлин хүрээнд олон зуун хуврагуудын чуулах Батцагаан цогчэн дуган тэргүүтэй бусад хийд, дацангуудыг бүтээн байгуулсан

3. Монголын Бурханы шашны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг бий болгож аймаг, дүүрэг, сумдын сүм хийдүүдийг удирдлагын босоо тогтолцоонд оруулсан

4. Олон улсын түвшинд Монголын Бурханы шашны эзлэх байр суурийг үнэлэх үнэлэмжийг өсгөх үүднээс улс төрийн үзэл суртлаас ангид зорилго, зорилттой олон улсын Бурханы шашны байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлсэн (Жишээлбэл: тогтмол үйл ажиллагаатай олон улсын Бурханы шашны гурван том байгууллагад МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан Ерөнхийлөгч, Ивээгч, Оюун санааны удирдагч зэрэг өндөр дээд алба үүргийг одоогоор хашиж буй)

5. Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгэлтэй цорын ганц Бурханы шашны хөдөлгөөн болох Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг сэргээж, хуучин бүтэц, үзэл баримтлал, үйл ажиллагаанд нь орчин цагтай нийцсэн өөрчлөлт хийж цаашдаа улам өргөжин хөгжих бололцоог эхлүүлсэн

6. Монголын Бурханы шашныг винайн ёсны дагуу хир үгүй дэлгэрэхийн нэгэн чухаг суурь болсон Яр хайланг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зөвхөн гэлэн, гэцлүүдийн хүрээнд хуруулж эхлүүлсэн  

7. Дээрхийн гэгээн XIV Далай багшийг Монгол оронд 1994 оноос 2016 оны хооронд зургаан удаа залж лам хуврагууд болон сүсэгтэн олонд дээдийн номын хур, зарлиг лүндэн буулгуулах ажлыг зохион байгуулсан  

8. МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Бурхан багшийн лагшин(сэрэг дүр), зарлиг (ганжуур), таалал (их эрдэнийн ринсрэл) гурвыг залах хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт тавьж зөвшөөрүүлж, тэдгээр түүхэн чухал үйл явдлуудыг дээд түвшинд нарийн зохион байгуулсан

9. IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан багшийг дахин Монголд урих, Монголын Бурханы шашны тэргүүнээр албан ёсоор залж, Монгол Улсын иргэн болохыг төр засгаар хүлээн зөвшөөрүүлж, улмаар IX Богд гэгээн Жэвзүндамба хутагт багш өөрөөр нь дараа төрөлдөө Монгол хүн болж мэндлэхийг нь бошголуулан гэрээслүүлж, баталгаажуулсан

10. Дээрхийн гэгээн XIV Далай багшаар X Богд гэгээн Жэвзүндамба хутагтыг шашны уламжлал дагуу тодруулуулан залж Монголын төр засаг ба нийгмээр хүлээн зөвшөөрүүлэн X Богд гэгээн Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүгт уламжлалт болон орчин цагийн боловсрол эзэмшүүлэх их чухал үйлсийг эхлүүлсэн

11. Хамгийн амин чухаг асуудал болох Монголын Бурханы шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг бий болгосон  

Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц бээр “Эдгээр үйл хэргүүдийг гагцхүү зарлигийн ачит дээдс багш нарийн аврал, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээний Ядам, бурхад, номын сахиуснуудын адистид, үе үеийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа, хийд орны нийт лам хуврагуудын дэмжлэг зэрэгт дулдуйдан хэрэгжүүлсэн болох нь чин үнэн билээ” хэмээн айлддаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19