Түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар “Ногоон автобус гэмт хэрэг биш. Би бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй. Би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд сайдаас буусан” гэж огтоос тоглосон шинжгүйгээр, онцгой ихээр шоглосон шинжтэй хэллээ. Үүнийг л шок гэхгүй юм бол өөр юуг шок гэх вэ. Үүнийг л шогтож байна гэхгүй юм бол өөр юуг шогтож байна гэх юм бэ?
Хэлсэн үгнийх нь учрыг нь ухах гээд үзье. Ер нь цавчаа ногоон автобус чинь угаасаа автобус биш гэдэг нь бол үнэн. Автобус биш юм чинь автобусны хэрэг гэж байхгүй юм уу? Буцаая гэхээр үйлдвэрлэгч ч гэж байхгүй болохоор ерөөсөө автобус биш. Автобус биш болохоор автобусны хэрэг гэж байхгүй юм болов уу? Дуураймал автобусны хэрэг л гэж байвал байх юм байна. Ж.Сүхбаатарын түгжрэлийн сайдын суудлаар Та бид шинэ автобус сольж авсан юм уу? Ж.Сүхбаатарын сайдын сандлын оронд шинэ автобусаар сольж аваад явж байгаа хүн байвал манай редакцад мэдээлээрэй. Ж.Сүхбаатар “Би буруугүй” гэж төрийн ордны коридорт хэлсэн байна. Төрийн ордны коридорт хэлсэн үгээ төрийн хууль шүүхийн танхимд хэлэх үү? Түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг Ногоон баас буюу цавчаа ногооны хэрэгт сарын дараа сая л нэг гэрчээр дуудан мэдүүлэг авсан гэх мэдээ бол гарсан. Цавчаа ногооны хэрэгт мөрдөгдөж байгаа 25 хүний дотор, хотын экс дарга Д.Сумъяабазар, түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар хоёр байгаа эсэх нь мэдэгдэхгүй сар орчим болж байна.
Хэрэг хуучирдаггүй гэдэг ч хуучин автобусны хэрэг шинээрээ хуучирч эхлээд байсан юм. Зарим талаар шинэ хэрэг нь хуучирч, хуучин хэрэг нь шинэчлэгдэж байгаа боловч хотын үе үеийн дарга, удирдлага бүгд автобусны асуудлаар дуудагдаж эхэллээ. Нийтийн тээврийн салбар нийтийн жорлонгоос бохирдсон байсныг 14 жилд ногоон, улаан, шар өнгө өнгийн автобусыг бүгдийг нь тендер шалгаруулалтгүйгээр шууд авч ирсэн баримтууд нотолж байна. Япончууд 90-ээд оны дундуур тусламж болгож цэнхэр автобус өгснөөс бусад монгол дарга нарын гардан хариуцсан бүх наймаа тендергүйгээр хийгдсэн байна. Цавчаа ногооны араас цайсан улааныг бөөний үнээр биш жижиглэнгийн үнээр бөөнөөр нь авсан баримтууд сөхөгдлөө. Эрээний зах дээр 10 оймс бөөндөхөд шал өөр үнэтэй байдаг бол хотын дарга нар зуу зуугаар нь автобус бөөндөж авахдаа ширхгийн үнэ төлсөн байх магадлал тэгтэй тэнцүү юм.
АДМИН








Нийгэм




