Зам бүр Ром руу гэдэг шиг заль бүхэн автобус руу хөтөлнө.
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ивээн тэтгэж, Голомт банкны данснаас 2,8 сая доллар илгээсэн гэх хэрэгт шалгагдаж буй Готовын Төмөрбаатар гэж хэн бэ? МАН-ын гишүүн Готовын Төмөрбаатар шинэ сургууль барихад хүрэлцэх 9 тэрбум тэрбум төгрөгийг АН-ын Ч.Сайханбилэгт явуулах бэл бэнчинтэй хүн мөн үү гэдэг нь анхаарал татаж байна. Ч.Сайханбилэгийг санхүүжүүлсэн байж болзошгүй доллар Улаанбаатарынхны удтал хүлээлгэдэг, цавчаа ногооноор уур бухимдлыг нь дээд цэгт нь хүрэсэн, хотын нийтийн тээвэрт бугшсан бохир мөнгөтэй холбогдож байх магадлалтайг баримтууд өгүүлж байна.
Үс зүсээ өөрчлөн гоёж, хангү уба төрхтэй Г.Төмөрбаатар бизнес, улс төрийн ямар намтартай вэ?
Завханд 1964 онд төрсөн, 59 настай. Орост цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд салаа, ротын захирагч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороон дарга явсан. МХЗЭ буюу Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлээс гаралтай нь Ч.Сайханбилэгтэй холбох нэг сэжүүр. МАН, АН-д аль алинд нь гар хөлтэй, эвлэлийн гэх хорчин бүлэг байсны үлдэгдэл нь одоо ч улс төрд бий. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Голомт банкны захирал Т.Ганболд нар нь АН-д, ЖДҮ-гийн хэргээр улс төрөөс хөөгдсөн “нохой” Батзориг гэх мэт эвлэлийнхэн МАН-д гэх зэргээр байршсан.
Г.Төмөрбаатар ерээд оны сүүлээс “Шуурхай зар” гэдэг сонин гаргаж байгаад 2000 онд улс төрд орсон. 2000, 2004, 2008 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-д 3 удаа, 2012, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2020 онд ялагдсан. 2006-2011 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, 2009-2011 онд Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан. 2012 онд “Автобус-1”, 2016-2020 онд “Зорчигч тээврийн нэгтгэл” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилласан. Автобусанд суудаг иргэн биш, автобусан дээр суусан захирал.

Г.Төмөрбаатар “Ширэвгэр, “Хоролтитэм”, “Хонгор Ти энд Эс”, “Анлимитед хайппиненс” гэсэн дөрвөн компанитай. “Шуурхай зар”, “Дэлхийн шилдэг харилцаа”, “Хүртээмжтэй боловсролын төлөөх эрдэм холбоо”, “Сүхбаатар Нарангийн хамтын ажиллагааны нийгэмлэг” гэсэн мөн дөрвөн ТББ үүсгэн байгуулж байжээ. “Дэлхийн шилдэг харилцаа” гэх хачин жигтэй нэртэй ТББ-ыг Г.Төмөрбаатартай хамтран эзэмшдэг, Удирдах зөвлөлийнх нь дарга Ч.Отгонжаргал гэж хүн байдаг.

Ч.Отгонжаргалын өмчилдөг “Эринмонгол интернэшнл девелопмент” ХХК нь энэ оны 1-р сарын 16-нд явагдсан Daewoo bus BS 106 буюу бидний сайн мэдэх солонгос автобусны сэлбэг хэрэгсэл нийлүүлэх 1 тэрбум 144 сая төгрөгийн тендер авчээ. Г.Төмөрбаатарын захирлаар нь ажиллаж байсан “Зорчигч тээврийн нэгтгэл”-д холбоо хамаарал бүхий этгээд Ч.Отгонжаргалынх нь хувийн өмч “Эрин интернэшнл девелопмент” ХХК 647, 919 мянган төгрөгийн автобусны дугуй зарсан гэрээг Та бүхэн цагаан дээр хар, цаасан дээрх тамгатай нь яг одоо харж байна. Мөн цас мөс цэвэрлэх автогрейдер гэдэг тусгай машин механизмын, Старекс, Бонго машины 365,7 саяын, Урбан машины 166,8 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерүүдийг түүдэг юм байна. Г.Төмөрбаатартай хамтардаг ТББ-ын содон нэршил шигээ “Дэлхийн шилдэг харилцаа” гэж чухам энэ мөн. Ч.Отгонжаргалын “Эринмонгол интернэшнл девелопмент” компани “Эм ди даян” ХХК-ийн хамт Багануур ХК-д төмөр утас нийлүүлэх тендер авсан. “Эм ди даян” гэх компани нь Төрийн банкинд АТМ, ПОС, дугаар тараагчийн цаас, ариун цэврийн хэрэгсэл, мөнгө тоологч, зиг заг брус хүртэлх “ногоон хурганы арьс”-наас бусдыг хангах наймааны одтой, тендерийн адтай пүүс юм байна.
“Эрин интернэшнл девелопмент” ХХК-ийн оролцсон тендерийн мэдээллийг доорх линкээр орж үзэх боломжтой. https://www.tender.gov.mn/mn/bidder/entity/1616395076138




Г.Төмөрбаатартай цуг “Анлимитедхаппиненс” буюу хязгааргүй аз жаргал гэх утгатай компани хамтран эзэмшдэг, өмчилдөг Б.Оюунболд гэдэг хүн “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын холбоо”-г эзэмшдэг. Б.Оюунболд гэдэг энэ хүртээмжтэй багш УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай хамт энэ холбоог эзэмшдэг юм байна.
Зам бүхэн Ромд хүргэнэ гэдэг шиг заль мэх бүхэн 14 жилийн туршид тендер шалгаруулалтгүйгээр автобус худалдан авсан, жил бүр 300 тэрбум төгрөгийн татаас нэмж сордог ч засрал сайжрал гэгч нь хар утаатандаа хаягдсаар, хамгийн сүүлд цавчаа ногоон, цайсан улаан даравч дардайж, булавч бултайсан нийтийн тээвэртэй холбогдож байна.
Г.Төмөрбаатар, Ч.Сайханбилэг хоёрыг ямар том эрх ашиг холбож байгаа вэ? Далай гатлан зугтсан өндөр босуулд тив алгасуулан 9 тэрбум төгрөг илгээхэд хүргэсэн ямар нууц байгаа вэ?
АДМИН








Нийгэм




