Дунд сургуульд байхад математикийн багш маань магадлал, комбинаторикийн бодлогуудыг их сонирхолтой заадаг байлаа. Аливаа логик санааг тэмдэгт, Латин үсэг ашиглан илэрхийлж болдог. Нэг өгүүлбэр бичлээ гэж бодоход түүнийг цөөхөн тэмдэгтээр орлуулчихдаг. МУИС-ийн Математик Компьютерын сургуулийн Хэрэглээний статистикийн анги сонгосон нь багаасаа их сониуч, аливааг ажиглах дуртай байсантай холбоотой байх.
Үндэсний Статистикийн Хороонд 2014 оноос хойш 7 жил орчим ажиллаж байна. 1966 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа, жил бүр 16 мянга гаруй өрхөөс мэдээлэл цуглуулдаг маш том мэдээллийн сантай “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны алба”-наас ажлын гараагаа эхэлсэн. Ажлын эхний өдрөөс л албаныхан болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, онолыг нь мэдэж авсан зүйлсээ амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгааг сурсан. Одоо мэдээлэл цуглуулалтын 100 жилийн түүхтэй Мал тооллогын мэдээллийн сан болон хөдөө аж ахуйн салбарын статистикийг хариуцан ажиллаж туршлагажсаар байна.
Статистикчид өөрийн үзэл бодол, таамаглалаа хойш тавьж тоон мэдээлэлд үндэслэн ажилладаг. Статистикчийн судалж байгаа зүйл зөвхөн одоо цагт үр дүн нь гараад өнгөрчихдөггүй. Өнөөдрийн түүхийг тоогоор бүтээж, ирээдүйд ч ашиглагдах өндөр хариуцлагатай ажил. Миний хувьд аливаа зүйлийг бусдын өнцгөөс харж, харьцуулан дүгнэлт хийх хоббитой. Энэ нь одоо хийж байгаа ажилтай маань ч уялддаг болов уу.
Манай ажил дээр дурсамжтай зүйл өдөр бүр тохиолддог. Шинэ тооллого, судалгааны асуулгын хуудас боловсруулах, мэдээлэл цуглуулах ажил хамгийн их сорилт болдог. Өрхөд суурилсан судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлаар явахад олон өрхөөр орж, ахуй амьдралтай нь танилцаж байсан. Санаанаас гардаггүй, сайхан сэтгэгдэл үлдээсэн айл олон таардаг. Бас сэтгэл эмзэглүүлж бодолд оруулсан нь ч бий.
ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд
АДМИН








Нийгэм




