Түлш, шатахуун хомстож, түгээх станцууд урт дараалалтай удаж байна. Оросын сайд Козлов Монголд ирээд танайд хориг, хязгаар тавиагүй гэж оросоор хэллээ. Монголын сайд нар орос сайд ирэхээс өмнө асуудал Оросын талд байгаа гэж монголоор ярьж байсан юм. Харин Орос сайд ирсний дараа эрэлт хэрэглээ нэмэгдсэнээс болсон, нүүрснээс болсон, төмөр замаас болсон, нөөц сав багатайгаас болсон гэж мэдэгдсэн. УУ-н сайд Ж.Ганбаатар төмөр замын тээвэрлэлтэнд асуудал байгаа гэсэн бол, ЗТ-ийн сайд С.Бямбацогт, УБТЗ манайхаас болоогүй, Оросын галт тэрэгнээс болсон гэж байна. Юунаас ч болсон бай, Оросоос 137 вагон түлш орж ирэхээр болсон нь сайн мэдээ болсон байна. Эдийн засаг өсч, Монголыг тэжээж байгаа нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 62 сая тоннд хүрч, түлшний хэрэглцээ тэр хэрээр нэмэгдэж байгаа нь муу биш сайн мэдээ.
Уул уурхайн сайд Ж.Ганбаатар яг долоо хоногийн өмнө ингэж ярьсан.
“ОХУ-ын Засгийн газраас 2023 оны 9-р сарын 21-нд хориг тавьсан, өвлийн түлш хоригтой байна, Монголд хязгаарлагдмал байдлаар тавигдаж байгаа, Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан, юу ч орж ирээгүй”
Сайд өөрөө л УИХ-ын чуулганд яг ингэж ярьсан. “Миний үгийг гүйцэд сонсохгүй байгаа байхгүй юу, гарчгаа өгөхдөө хүртэл хоригтой гээд ингээд” гэж ирээд сэтгүүлчдийг зандарлаа. Өвлийн түлш хоригтой хэвээрээ, бүх нөөцөө шавхсан, хоригоос хойш юу ч аваагүй гэж Таниас өөр хэн ч биш Та өөрөө л ярьсан байна шүү дээ. Хоёр хоногийн өмнө өвлийн дизель түлш ямар нэгэн хориогүй, тасалдалгүй гэж ярьсан Ж.Ганбаатар нь 7 өдрийн өмнө өвлийн дизель түлш хориотой хэлсэн Ж.Ганбаатартайгаа заргалдах юм уу? Мэдээллийн хурдтай зуунд ярихаасаа өмнө сайн боддог, хэн хүнд ойлгомжтой, тодорхой, салаа утгагүй илэрхийлдэг байх нь улс төрч, сайд нарын суралцах ёстой анхан шатны чадвар юм. Ярилцлага, мэдэгдэл, байр суурийн гарчгийг сэтгүүлч зохиодоггүй.
Ингэхэд сайдын үгийг гүйцэд сонсоогүй, зөв гарчгаа өгөөгүй сэтгүүлчдээс болж, түлш шатахуун хомсодсон юм болов уу? Сэтгүүлчид ээ, гарчгаа зөв өгч байхгүй бол түлш олдохгүй болох юм байна шүү. Үгүй ээ, сайдын өөрийнх нь ярьсны яг эсрэгээр гарчгаа буруу өгсөн бол түлш шатахуунд дугаарлахгүй байх байсан байна шүү дээ.
АДМИН








Нийгэм




