Монголын залуучууд Венесуэлийг буулган авч, Олимпын наадмыг ялалтаар эхлүүллээ
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт Венесуэл, Аргентиний багтай багтсан. Манай залуус эхний тоглолтод Венесуэлийн багийг 21:19-өөр хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өнөө шөнө Монгол, Аргентиний хооронд болно.
Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдсан Залуучуудын зуны IV Олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн шатанд Монгол Улсын хөвгүүдийн шигшээ баг Венесуэлийн хүчирхэг багтай тулж, маш ширүүн өрсөлдөөний эцэст гайхалтай ялалт байгууллаа. Олон улсын олимпын хорооны тайлбарлагчид болон сонирхогчид энэхүү тоглолтыг хэсгийн шатных гэхэд дэндүү өндөр түвшний, шууд "Алтны төлөөх шийдвэрлэх тоглолт" ч байж болохоор гал гарсан, үзүүштэй тоглолт болсныг онцлон тэмдэглэж байна.
Тоглолтын эхнээс хоёр багийн залуу тамирчид талбайн хаа сайгүй хурд хүч, цэц мэргээ сорьж, оноо дутуу алдалгүй зэрэгцэн явсаар байв. Венесуэлийн баг биеийн хүчний тоглолт болон цагираг доорх довтолгоогоороо манай хамгаалалтыг нэвтрэхийг оролдож байсан бол Монголын залуучууд хурдтай дамжуулалт, холын зайн оновчтой шидэлтүүдээрээ тоглолтын хэмнэлийг гартаа авч байлаа. Цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө манай тамирчид хамгаалалтдаа маш чамбай ажиллаж, довтолгоогоо амжилттай төгсгөснөөр ердөө 2 онооны зөрүүгээр өрсөлдөгчөө буулган авч, Олимпын талбай дахь анхны чухал хожлоо халаасалсан юм. Монголын багаас Дамдины Сүхбат 7 оноо авч багаа тэргүүлсэн бол Венесуэлийн Рикардо Вильярроэль 10 оноо авч, тоглолтын хамгийн өндөр оноог цуглуулжээ. Тун өрсөлдөөнтэй болсон энэ тоглолтод багуудын хооронд ердөө 2 онооны зөрүү л гарсан байна.
Багийн бүрэлдэхүүнд Дамдины Сүхбат, Мягмарсүрэнгийн Мөнх-Эрдэнэ, Хүрэлбаатарын Билигт, Нямсүрэнгийн Дэлгэрмөрөн нар багтсан юм.
Энэхүү ялалт нь манай багт хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд давуу байрлалтай ороход маш том түлхэц болж байгаа бөгөөд "Дакар-2026" Олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн бүтэн тоглолтын шууд дамжуулалт болон албан ёсны бичлэгүүд Олимпын сувгуудаар архивлагдан цацагджээ.
ТАТАР МАЙДАР







Спорт



