Хөдөөгийн монгол эзэгтэй америк цэргийн зурагтай тролл залилагчид мэхлэгдэн өр зээл тавин барин мөнгө өгч алдаад, амиа хоролсон хэрэг гарлаа. Утас нь ухаалаг ч, эзэн нь мунхаг байвал хонины бэлчээр, тугалын зэлнээсээ хулхи зуранд дурлаж, хувь заяа, хөрөнгө мөнгөөрөө хохирсоор байх юм. Гэнэн тэнэг, шунал тачаал хоёроо татаж, ухаалаг утсаа ухаантай ашиглахгүй бол ор хөнжил, оюун санаа, нэр төр, данс карт бүхэнд чинь орчлонгийн хаанаас ч халдан орж, залилан мэхэлж чадна.
Ливи гэдэг улсад байлдаж байгаа америк цэргийн түрүүч болж жүжсэн мэхлэгч монгол хүний мунхаг шунал дээр дөрөөлж, загас тоож зуухгүй өгөөш хаяхад үмхэн авч, зургаагийн зургаан удаа 27 750 доллар Турк рүү илгээгээд алджээ. Канадад нуусан 4,4 сая доллар илгээмжээр явуулсан тул шуудангийн зардлыг нь төлөөд аваарай гэх ов мэхэнд онхолдон ойчоод, олсон зээлсэн 27 750 доллар буюу 96 сая орчим төгрөгөө тавиад туучихжээ. Саятан эр цэрэгт дайнд мордоод л, илгээмжийн үнэ төлж чадахгүй мөртлөө Канадад эрдэнэсийн авдар нуугаад л, танихгүй нэг монголд бүгдийг нь зүгээр өгнө гэхэд итгэж чаддаг нь яг юуных вэ? Мунхагийн хар гай, мухар шунал. 4,4 сая доллар бүү хэл 20 сая төгрөгөөс дээших гүйлгээ бүрийг хянадаг, мөнгө угаахтай тэмцэх олон улсын дүрэм журам үйлчилдэг. Өвөг дээдсийнхээ цусаа урсгаж олсон тусгаар тогтнолыг утсаараа алдмааргүй байна.
Iphone 15 гар утас 99%-ийн хямдралтай авах эрх хожсон байна, 1%-ийн төлбөрийг нь шилжүүлчих гэсэн хүн итгэхийн аргагүй заль мэхэнд 187 хүн итгээд, 13 сая 803 мянган төгрөг өгөөд алчдихсан хэргийг цагдаа шалгаж байна. 99%-ийн хямдрал энэ орчлонд үгүй. Хулгай, дээрмийн гар утас ч 99 хувь хямдарч, 1 хувийн үнээр зарахгүй. Дарахынхаа урьд эргэцүүлдэг, товшихоосоо өмнө боддог байхыг энэ бүх гэнэн тэнэгийн үлгэр сануулж байна. Дөрвөн гэмт хэргийн нэг нь цахимаар үйлдэгдэж, 2020 онд 1 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2022 онд 22 тэрбум болж 22 дахин өсчээ. Цахим залилан цаг тутамд нэг бүртгэгдэж байна. Бодохоосоо өмнө дарах бус товшихоосоо өмнө бод!
АДМИН








Нийгэм




