Та бид аль эрт, 13 жилийн өмнө угаар биш агаар амьсгалах захиалгаа өгч, талх бүхэнд шингэсэн татварын мөнгөө төлчихсөн байсныг энэ гэрээнээс харж байна. 17 чингэлэг спирт, 17 нүүрсний хулгайч гэхчлэн Монголын улс төрд муу ёр шүгэлсэн мэт 17-гийн тоо дахиад л давтагдсан баримт сөхөгдлөө. Эрдэс баялаг, эрчим хүчний яам Жунгуузын Баатарсүрэн захиралтай “Аморе интернэшнл” компанитай 2010 оны баяр наадмын өмнөхөн хагас кокс түлш үйлдвэрлэх 17 тэрбумын гэрээ байгуулсан байна. Сайжруулсан түлш өнөөдөр муужруулах нь бүү хэл ажиг сураг ч үгүй байхад, Б.Чойжилсүрэн сайд Хятадаас хагас кокс 177 тэрбумаар өр тавьж авах талаар ярьж, ам руугаа алгадуулахаас 13 жилийн өмнө татвар төлөгч Та бидний халааснаас 14 тэрбум гаруй төгрөг аль хэдийнэ гарчихсаныг нотлох баримт.

Үйлдвэр нь ч ажиллахгүй, мөнгө нь ч дашийн шог, утаа нь л харлаад байж байна. Дулааны цахилгаан станц-2-ыг түшиглэн, төсвийн 16 тэрбум 893 сая төгрөгөөр барьсан үйлдвэр 2012 оны 9-р сарын 30-ны өдөр ашиглалтанд орох байсан технологид тохирохгүй учраас өнөөдөр сэг болоод хэвтэж байна. ТЭЗҮ нь бүрэн бүтэн биш, зураг төсөвгүй, Монголын “Аморе интернэшнл болон Оросын Сибтермо түншлэлд Оростоо ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн лабораторид туршигдсан технологоор хагас кокс үйлдвэрлэх үлгэрийн төсөлд 4 удаа нийт 14 тэрбум төгрөг төлсөнийг Үндэсний аудит тогтоосон. Төслийн 3 тэрбум төгрөг нь Ж.Баатарсүрэнгийн эхнэр З.Туул, Т.Ганболд гэх хүний хувийн дансанд орсон. 2014 онд үнэлгээ хийж, зөрүүг нь нөхөн төлүүлэх Засгийн газрын 161-р тогтоол гарч байсан ч бүгд цаасан дээрээ үлдсэн. Улсын мөрдөн байцаах газар 2013 онд хэрэг үүсгэн жил гаруй шалгасан ч 2014 онд хэрэгсэхгүй болгосон. “Аморе интернэшнл” компани “Нөмөр капитал” болж нэрээ сольсон юм байна.

Ж.Баатарсүрэн нь “Баян цагаан гоёо”, “Тосон вита пропертийз”, “Номиншанд”, “Панамед”, “Нэмэрфарм”, “Ирмүүнбулаг”, “Домус вита пропертийз”, “Эрчим электрик”, “Нөмөр кредит ассет” гэсэн 10 компанитай. “Улам нөмөртэй”, “Үргэлж нөмөртэй” гэдэг хоёр хадгаламж зээлийн хоршоотой, “Нөмөр кредит” ББСБ-тай. Жунгуузын Баатарсүрэн нь Увс аймгийн уугуул, шадар сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгатай арван жилийн нэг ангийн найз юм байна. Хагас кокс түлшний төслийн 3 тэрбумыг хувийн дансандаа авсан эхнэр З.Туул нь нөхрийн хамт “Нөмөр кредит ББСБ-ыг өмчилдөг. З.Туул “Кемекс”, “Бавариа моторс”, “Дриллэкс,” “Кемекс ланд менежмент” зэрэг компаниудтай. “Кемекс” нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрээс 42 тендер авсан нь нээлттэй мэдээллийн сангуудын баримтаар нотлогдож байна. Эрдэнэт үйлдвэр, УСУГ зэрэгт ус төрөгчийн хэт исэл, хлор, винтелятор, шинжилгээний багаж, молибдены өтгөрүүлэгч, тэсэлгээний удирдлагын төхөөрөмж гэх мэтийг нийлүүлж иржээ.
Улаанбаатар нэр нь Утаанбаатар хоч болж, Азийн цагаан дагина биш Азийн халтар хүүхэн гэвэл яг тохирно. 2023 оны эхний 10 сард 52 хүн угаартан амь насаа алджээ.
АДМИН








Нийгэм




