Израилын армийн цэргүүдэд баригдсан палестин эрчүүдийг нүцгэлж, нүдийг нь боож өвдөглүүлсэн болон нүцгэнээр нь цэргийн машины ачаан дээр ачсан зургуудыг өчигдөр цахим сүлжээнд нийтэлжээ. Уг зургийг авсан цаг хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд CNN агентлаг Израилын армиас энэ талаар тодруулахыг хүссэн ч хариу тайлбар өгөөгүй байна.
Урьдчилсан байдлаар Израилын армийн цэргүүдэд баригдсан эдгээр хүмүүс Палестины иргэд ба хамтрагчид, аль эсхүл нэг гэр бүлийн гишүүд гэж таамаглаж байна. Евро-Газар дундын тэнгисийн Human Rights Monitor хүний эрхийн байгууллагаас уг баривчилгааны талаар “Израилын арми Палестины хэдэн арван иргэнийг баривчилж, тамлан зовоожээ” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Мөн Израилын хүчин орон гэрээ алдсан хүмүүс рүү дайрч, замдаа тааралдсан хүмүүсээ өөрсдийн дураар баривчлах ажлыг эхлүүлсэн гэж тус байгууллага мэдээлсэн байна. Тэдгээр санамсаргүйгээр баригдсан хүмүүсийн дунд эмч, эрдэмтэн, сэтгүүлч, өндөр настнууд ч байсан гэж тус мэдээлэлд дурджээ.
Харин Израилын хэвлэлээр ямар нэгэн эх сурвалж дурдалгүйгээр эдгээр зургууд нь Хамас бүлэглэлийн гишүүдийн бууж өгч буй байдлыг харуулсан гэж мэдээлжээ. Мөн Израилын зэвсэгт хүчний адмирал Даниель Хагари хэвлэлийн хурал дээр уг зургуудыг Газ дахь хуурай газрын довтолгооны үеэр Хамасын террористуудын баривчилгаа хэмээн тайлбарлажээ. Гэвч Палестин дахь зарим эх сурвалж Израилын арми Хамастай хамааралгүй энгийн иргэд, сэтгүүлч, бизнес эрхлэгчдийг баривчилсан тухай мэдээлсэн байна.
АДМИН








Нийгэм




