Dark Light
Нийгэм | 2023-12-10

Нүүрсний сонсголын нүүгэлтсэн хар утаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний сонсгол нүүр улайж, нүд бүлтлэх баримтуудаар дүүрэн болж өнгөрлөө. Хүрээний бузрыг уудалбал далай далай гэдэгчлэн хүрэн нүүрсний сонсголын үеэр дэлгэгдсэн булай баримтууд бузгай их тул бүгдийг нь биш заримыг нь онцолж байна. 

Өмнөговийн Ханбогд сумын дарга Х.Нэхийт бурхан гуйгаагүй биш данжаад хүсэхэд, нэг биш 38 Даашинхүүгийн пүүсэнд миний нутгийн газар шорооноос алга дармыг биш 457,3 га-гаар нь өгсөн байна. Гадаадын иргэн, компани газар эзэмшихийг хориглодог хуулийг газар дээр дэвсэлж, газар олгосон Х.Нэхийт нэхийнд биш торгонд бөмбөрөх болж хөрөнгө орлого нь өсөж зузаарсныг ХОМ-ээс нь харж болно. 2020 онд гэр бүлийн орлого нь 2021 онд 28 сая байсан бол 2022 онд 97 сая, малын үнэлгээ нь 232 саяас 629 сая, 1600 ам метртэй газар эзэмшдэг, 3 машин нь 5 болж үржжээ. 

УИХ-ын экс гишүүн, Ажнай хэмээх морь биш хүн Д.Бат-Эрдэнэ жижиг “Тавантолгой” хэмээх орон нутгийн өмчит компанид хэрхэн эзэн суусан архив баримт алга болсон байна. Өнө эртний үйс, хадан дээрх бичээс цагийн урт, түүхийн тоосны цаанаас олддог бол “Ажнай” Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар томилсон 20 дугаар зууны хурлын бичиг баримт байхгүй байна. Арав гаруй жилийнх нь бүх бичиг баримтууд нүүрстэй хамт газрын гаваар оржээ. Орон нутаг буюу Өмнөговийн иргэд 51 хувийн давуу эрхтэй байтал жижиг хувьцаа эзэмшигч, 19,78 хувьтай  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийнх нь дарга болсон. Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн дарга болгосон хурлын тэмдэглэл ч байхгүй, яаж ийм юм болсныг санах хүн ч байхгүй. Орон нутгийн “Тавантолгой”-н захирлаар Д.Бат-Эрдэнийн үеэл, туслах ээлж дараалан ажилласан. Зах зээлийн ханшаас 2-3 дахин зарсан гэж гааль, татварт мэдүүлдэг. 

Босоо С.Ганбаатар суусан газраасаа мөнгө атгаад босдог нь нүүрсний сонсголоор нүдэнд ил боллоо. Бүтэн 24 цаг босоогоороо эх орны хөрс шороог хуу хайрлагч С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн “Болор-Аграмба” компани улсын 22,8 тэрбум төгрөгөөр хөрс хуулаад хаясан байна. Камерын өмнөх “Босоо” Ганбаа яс юман дээрээ суугаа Ганбаа, бүр хэвтээ Ганбаа байсан байна. Босоо Ганбаа “Эрдэнэставантолгой”-н захирал асан Б.Ганхуягийг хэвтээгээр нь хамаагүй ордонд авчирч, сонсголд оролцуулахыг хүссэн ч өөрөө хэвтээ байдалд ороод байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Ш.Адьшааг  Б.Ганхуягийн ах дүүг ордонд оруулж, сонсгол үймүүлэхийг санаархсан гэж хэлсэн. Ш.Адьшаа нь би биш С.Ганбаатар шүү гэж заасан гурвалжин дөрвөлжин юм болж өрнөлөө. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, экс Еөк Х.Баттулга, УИХ-ын экс дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн НБД даргас асан А.Гансүх  нар туслах, зөвлөх, төрсөн ах дүү нар, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийнхээ нэр дээрх “Эрдэнэс майнинг”, “Кей эйч кей”, “Тив транс” зэрэг компаниудаар дамжуулан нүүрсэнд цагаан цамцныхаа захыг харлатал гар, хөлөө дүрсэн баримтууд ч сөхөгдлөө.   

Нүүрсний 17-гийн нэг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар орон нутгийн “Тавантолгой”-н  ТУЗ-ийн дарга байхдаа 2009 онд Ланд круйзер 105 машин бэлгэд авсан байна. АИТГ нүүрсний 17 хулгайч зарлахад Н.Наранбаатар нэрлэгдсэн боловч УИХ-ын гишүүд товчлуур даран ордондоо авч үлдсэн. Өмнөговийн иргэдийн өмнөөс нутгийн хишгээ аймгийн дарга нь хүртсэн байна. Аймгийн дарга нь ард иргэдийнхээ өмнөө ая тухтай шинэ тэрэг хөлөглөж, авшиг буяныг нь авчихсан байна.

Хүний балчир хөвгүүнийг хөдөө хээр хууран аваачиж хүчирхийлсэн гаж донтон, Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгч асан Г.Цог-Өрнөх 31,4 мянган доллароор мялаалгасан. ТУЗ-ийн дарга, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хамаатан Б.Түвшинбаярт Лексүс 570 машины буцалтгүй тусламж авч, буяны даллага авхуулсан. 

“Эрдэнэставантолгой”-н захирал асан, Ганцхудагт хоригдож байгаа Б.Ганхуягийг хүнцлээр хордуулсан, биед нь 9200 дахин их хорт бодис байгаа гэж ордонд Ш.Адьшаа, С.Ганбаатар нарын оруулсан ар гэрийнхэн нь мэдэгдсэн ч Шүүхийн шийдвэрийнхэн үгүйсгэлээ. Нүүрсний босс хүнцлээр хордсон эсэх нь батлагдаагүй ч нүүрснээс гаргасан шахмал түлшинд хотын 1,4 сая хүн хордож буй нь тодорхой байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19