Барууны орнуудад ази хэв маягийн, тэр дундаа “Mongolian” (Монгол) гэх тодотголтой хоолнууд яагаад ч юм маш их алдартай байдаг. Эрүүл зөв хооллолтын чиг хандлагыг тодорхойлогч олон улсын “Plant Based News” сайтад саяхан нэгэн сонирхолтой цагаан хоолтнуудад зориулан веган хоолны жор нийтлэгдсэн нь “Монгол сэвэг зарам ба брокколи” (Mongolian Lentils And Broccoli) нэртэй байв. Бэстселлер номын зохиолч, хоолны мэргэжилтэн Жиллиан Гленний боловсруулсан энэхүү жор нь гэрээсээ гаралгүйгээр рестораны амтыг мэдрэх хялбар боломжийг олгож байна.
Яагаад “Монгол” гэж нэрлэсэн бэ?
Ажиглаад байхад гадаадын ресторануудад "Mongolian Beef" (Монгол үхрийн мах), "Mongolian Chicken" (Монгол тахианы мах) гэсэн нэртэй хоолнууд их байдгийг манай уншигчид юу эс андах билээ. Энэ нь манай үндэсний хоол биш бөгөөд барууны орнуудад үүссэн Ази-Америк гал тогооны нэгэн өвөрмөц хэв маяг юм. Энэхүү веган хоолны нэршил нь дараах хоёр гол онцлогоос үүдэлтэй:
- Амтлагч соус: Сүүлийн үед дэлхий дахинд "Монгол соус" гэж нэрлэгдэх болсон шар буурцгийн соус (soy sauce) болон чихэрлэг амтыг (ихэвчлэн бор элсэн чихэр эсвэл агч модны сироп) хослуулсан, сармис, сонгины гүн үнэртэй, өтгөн чихэрлэг-давсархаг соусыг хэлдэг.
- Махны орлуулалт: Анх энэ соусоор үхрийн махыг амталж, өндөр гал дээр хурдан хуурч (wok-frying) хийдэг байсан бол орчин үеийн веган хувилбарт махыг нь уураг, эслэгээр баялаг сэвэг зарам (lentils) буурцаг болон брокколиор орлуулах болжээ.
“Монгол сэвэг зарам ба брокколи” хоолны жор (4 порц)
Энэхүү хоол нь уураг болон эслэгээр баялаг тул махан хоолноос татгалзаж буй эсвэл эрүүл зөв хооллохыг хүссэн хүмүүст яг тохирно. Бэлтгэхэд ердөө 2 минут, хуурахад 10-15 минут л зарцуулагдана.
Орох орц:
- Жасмин цагаан будаа: 4 аяга (болгосон)
- Брокколи: 3 аяга (жижиглэж хэрчсэн)
- Лаазалсан сэвэг зарам: 1 аяга (усаар зайлж, шүүсэн)
- Шар сонгино: хагас аяга (жижиг хэрчсэн)
- Сармис: 1 хоолны халбага (жижиглэсэн)
- Оливын тос: 2 хоолны халбага
- Эрдэнэ шишийн цардуул (cornstarch): 1 хоолны халбага
- Чимэглэлд: Ногоон сонгино, гүнжидийн үр, давс, хар перец
Монгол соус бэлтгэх орц:
- Давс багатай шар буурцгийн соус (soy sauce) – ¼ аяга
- Цэвэр агч модны сироп (maple syrup) – 2 хоолны халбага
- Нунтаг сонгино (onion powder) – ½ цайны халбага
Хийх заавар:
- Соус бэлтгэх: Жижиг аяганд шар буурцгийн соус, агч модны сироп, сонгины нунтаг болон 1 хоолны халбага оливын тосоо хийж сайтар хутгаад хойш тавина.
- Сонгино, сармисаа хуурах: Том хайруулын тавганд үлдсэн 1 халбага оливын тосоо халааж, хэрчсэн шар сонгино, сармисаа хийгээд дунд зэргийн гал дээр 5 орчим минут (алтан шаргал өнгөтэй болтол) хуурна.
- Брокколио нэмэх: Энэ хооронд өөр аяганд брокколи болон эрдэнэ шишийн цардуулаа хамт хийж холбож өгнө. Сонгино бэлэн болмогц брокколио хайруулын тавганд нэмж, дахин 5 минут ойр ойрхон хуурна.
- Нэгтгэж өтгөрүүлэх: Хайруулын тавган дээрээ шүүсэн сэвэг зарам болон бэлдсэн "Монгол соус"-оо хийж хутгана. Соус буцалж, өтгөрөх хүртэл 2-3 минут орчим хуураад галаас авна.
- Олгох: Бэлэн болсон хуургыг аягатай халуун жасмин будаан дээрээ тавьж, дээрээс нь ногоон сонгино, гүнжидийн үр цацаж, өөрийн амтамж дөхүүлэн давс, перецээр амтлан халуунаар нь зооглоорой.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




