Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргалаа.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 1 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын дунд үеэр нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу байсан бол 7 сарын 20-ны байдлаар ялимгүй сайжирч 60 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнөд бүс нутгийн зарим хэсгээр зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд ихээхэн хэтэрч гарсан байна.
12 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 80 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар 5-39 см, хунгарлаж шуурсан газраа 50 см-ээс зузаан цастай байна.
Засгийн Газарын 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэхэд одоогийн байдлаар 15 аймгийн 89 сум цагаан зудын, 14 аймгийн 63 сум цагаанаар зудархуу, 2 аймгийн 5 суманд харын зудын нөхцөл байдалд байна.
2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57% нэн их, 23% их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
11 дүгээр сарын эхнээс нийт нутгаар нойтон цас, цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүргээд байна.
Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

АДМИН








Нийгэм




