Dark Light
Нийгэм | 2023-12-26

0-15 насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр их өвчилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 50 дугаар 7 хоног буюу 12 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд Улсын хэмжээнд амбулаториор нийт 243.621 хүн үйлчлүүлснээс 22.440 тохиолдол буюу 9,2% нь ТТӨ-ий тохиолдол байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,1%-аар их харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,5%-аар бага байна. 

Нийт түргэн тусламжийн дуудлагын 28,3 хувийг ТТӨ эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос 4,6%-аар өмнөх оны мөн үеэс 9,1%-аар тус тус нэмэгдсэн. 

Мөн ТТӨ-ий тархалтыг 5 түвшинд авч үздэг бөгөөд одоогийн байдлаар 2 дугаар түвшин буюу "Идэвхжилтийн түвшин"-д 8 аймаг, /Баянхонгор, Говьалтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл/ 3 дугаар түвшин буюу "Алаг цоог дэгдэлтийн түвшин"-д Улаанбаатар хот болон 9 аймаг /Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Дархан, Сүхбаатар, Ховд, Төв, Хэнтий/ байгаа бол 4 дүгээр түвшин буюу "Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшин"-д 4 аймаг /Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь/ шилжсэн. 

Үүсгэгчийн хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лаборатори болон салбар 4 лабораторид нийт 251 сорьцод шинжилгээ хийхэд 16,7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус, 15,1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус,  5,2 хувьд нь SARS-CoV 2 вирус, 6,8 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна. 

Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 9.020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2.818 буюу 31,2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 5,3 хувиар нэмэгдсэн. 

Насны хувьд 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд ТТӨ өндөр буюу нийт ТТӨ-өөр өвчлөгсдийн 85,8 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс 56,1 хувийг нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл эзэлж байна. 

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад өвчлөл 10-аас 14 насанд 1,4 хувиар нэмэгдсэн байна.

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2.263 орон дээр ТТӨ-ий шалтгаант өвчлөлийн улмаас хүүхдэд  тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба орны ачаалал 114,4 хувьтай байна. Нэмэлтээр дэлгэсэн хүүхдийн орны тоо нийслэлд 1.213 орон нутагт 647 байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19