Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмүүлэхээр шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Энэ талаар ОСНААУГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэхдээ “Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Монгол Улсад нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа 11400 хүнийг төлөөлдөг. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэмээх энэ байгууллагын 2000 гаруй ажилтаны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа энэхүү үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, нийгэмд танилцуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсээд 93 жил болж байгаа. 93 жилийн түүхтэй энэ салбарт өнөөгийн байдлаар 11400 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл орон сууц буюу та бидний суурин соёлыг дагаад үүссэн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж улсын болон бусад салбарын хөдөлмөрийн үнэлэмжээс үргэлж доогуур явж ирсэн. Тиймээс бид энэхүү үнэлэмжээ нэмэгдүүлэхийн төлөө БХБЯ, нийгмийн түншлэгч байгууллагуудтай хамтын гэрээ хэлэлцээр байгуулан ажилладаг. Манай нийслэлийн харьяа удирдах байгууллагад 2000 гаруй ажилтан ажилладаг. Энэхүү 2000 гаруй хүний 70 хувь нь мэргэжлийн инженер техникийн хүмүүс. Эдгээр хүмүүсийн цалин хөлс хөдпөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хөдөлмөрийн гэрээ хэлэлцээр 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн. Орон сууц нийтийн аж ахуйн газартай хамтын гэрээ 2022-2024 онд мөрдөх гэрээ бий. Энэ хамтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг манай салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлж, есдүгээр сарын 27-ны өдрөөс үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байна. Хамтын хэлэлцээр дээр нэмэлт 10 асуудлыг дэвшүүлсэн. 10 асуудлаас өнөөдрийн байдлаар тавд нь зөвшилцөлд хүрчихсэн. Цалин хөлс, нэмэгдэл олгохтой холбоотой дөрвөн асуудалд бид татгалзсан. Тус байгууллагын санхүү эдийн засгийн байдал хязгаарлагдмал байдалтай холбоотойгоор нийт ажилчдын үндсэн цалин хөлсийг бодитойгоор нэмэгдүүлэх дээр санал нэгдэж, бодит цалинг нэмэгдүүлэх тал дээр зөвшилцөлд хүрснээр дөрвөн асуудлаас татгалзаад үндсэн цалинг нэмэх гэсэн асуудал дээрээ л төвлөрсөн. Энэ асуудал дээр ОСНААУГ дээр үндсэн цалинг нэмэгдүүлэх хувь дунджаар 5.7 хувьтай байгаа юм. 2023 оны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ 2 сая төгрөг болсон гэж ҮСГ-аас зарласан. ОСНААУГ-ын ажилчдын цалин манай гэрээ хэлэлцээрт оролцож байгаа нөгөө талынхны мэдээлснээр 1.7 сая төгрөг байгаа. Бид БХБЯ-тай байгуулсан хамтын хэлэлцээрээрээ цалин хөлсийг бүс нутгийн амьжиргааны түвшинтэй уялдуулан 3-5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлстэй байхаар тохиролцсон. Энэ оны зургадугаар сард. Үүний хүрээнд тооцвол нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа манай салбарын ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 930200 төгрөг байх хэмжээнд байгаа юм. Гэтэл өнөөдөр манай салбарын ажилчдын хамгийн доод цалин 650 мянга байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хорооноос баталснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болох гэж байна. Яг энэ хэлэлцээрийн явцад бидэнд 650 мянган төгрөгийн цалин хөлстэй байгаа ажилчдын цалингийн хэмжээг 660 мянга болгоно гэсэн санал орж ирсэн. Аливаа байгууллагын хөдөлгөгч хүч болсон хүн гэдэг зүйлээ ямар ч үнэ цэнгүй болгож, ямар түвшинд үнэлээд байгаа вэ гэдгийн бодит илэрхийлэл гэж харж байна. Энэ хэлэлцээр арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсонги байдалд орсон. Энэ зөвхөн холбооны яриад яваад байгаа асуудал биш. Үүний ард мянга мянган хүн бий. Бид хоёр өдрийн турш тасралтгүй хуралдлаа. Ингээд нийт гишүүд маань жагсаал цуглаан хийж тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжье. Ядаж эхний ээлжинд шаардлагаа хүргүүлье гэдэгт санал нэгдсэн учраас бид бүхэн 2000 хүнд үйлчлэх хэлэлцээрийн явцад хүч өгөхөөр, өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг мэдрүүлэхээр удирдлагын багт шаардлага хүргүүлэхээр хүрэлцэж ирлээ” гэв.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




