Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдраар цоллуулсан дуучин Д.Отгонжаргалын сэтгэгдлийг хүргэж байна.
Маш их хичээсэн. Цаашид ч улам хичээхгүй бол болохгүй юм байна. Залуу уран бүтээлч болохоор намайг дэмжиж урам зориг өгч байгаа юм байна. Уран бүтээлүүдийг минь үргэлж сонсож, дэмжиж байдаг хүмүүс бол миний үзэгч, сонсогчид байдаг. Тэдэндээ одоо байгаагаасаа илүү чанартай, илүү хөдөлмөр шингэсэн, сэтгэл шингээсэн бүтээлүүдээрээ насан туршдаа бэлэг барих нь миний хамгийн том эрхэм зорилго юм байна гэж дотроо бодсон. Өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд байх тэр бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье.
Дуучин болно гэхэд манайд дуулдаг хүн байдаггүй. Гэхдээ манай аав бага залуудаа дуулдаг байсан юм билээ. Би арван жилд байхдаа гадны гоё гоё дуучдыг сонсож, гэртээ хүн байхгүй үед дагаад дуулахаар надад болоод байгаа юм шиг санагддаг байсан. Яг өөрөө өөртөө итгэж дуучин болохоор зорьсон. Миний гурван авга ах маш их дэмждэг. Манайхан шал өөр мэргэжлээр намайг явуулна гэж зүтгүүлдэг байсан. Эцсийн дүндээ хүн өөрөө өөрийнхөө хүсэл эрмэлзэл, өөрөө өөрийгөө гэсэн итгэлээрээ, өөрийнхөө дуртай зүйлээ хийж аз жаргалаа мэдэрдэг. Аз жаргал мэдэрдэг тэр ажлаа хийх нь хамгийн чухал юм байна гэдгийг амьдрал дээрээ өөрөөрөө батлаад зогсож байна.
2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгсөөд, “Ижийдээ бичсэн захидал” хэмээх дууг өөрийнхөө ээждээ зориулж хийсэн хамгийн анхны уран бүтээл минь байсан. “Ижийдээ бичсэн захидал” дууг минь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Шарав багш минь аялгууг нь зохиож өгсөн. МУСГЗ, дууны яруу найргийн нэрт мастер З.Түмэнжаргал үгийг нь зохиосон. Миний хамгийн анхны уран бүтээл ийм гайхалтай хүмүүсийн бүтээлээр гараагаа эхэлж байсан. Хоёр дахь уран бүтээл мөн л Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт Шарав багшийн минь хөгжим, яруу найрагч Өлзийтөгс эгч минь зөвхөн надад зориулж бичиж өгсөн “Өнө мөнх орон” гэх эх орны тухай дуу байдаг. Миний уран бүтээлүүдийн дийлэнх хувь нь эх орны болон ээж аавын тухай дуунууд эзэлдэг. Хамгийн сүүлд хийсэн эх орны тухай дуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн шүлэг, МУСТА хөгжмийн зохиолч Жанцанлхамба ахын минь хөгжим “Эх орон танаа” гэсэн сайхан дууг өнгөрсөн жил өлгийдөн аваад, симфони оркестр тоглоод, клипний зураг авалтыг маш гайхалтай хийсэн. Энэ дууг минь та бүхэн сонсвол монгол хүн болж төрсөн баяр бахдал, цэнгэл жаргалыг энэ дуунаас олж авна гэж хэлэхэд баяртай байна.
АДМИН







Нийгэм




