Dark Light
Нийгэм | 2024-01-20

Зам тээврийн бүх үйлчилгээг хүртээмжтэй аюулгүй болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл нь 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улсын болон орон нутгийн нислэг, төмөр замаар, орон нутгийн болон улс хоорондын автобусаар 50 хувь хүртэл хөнгөлттэй зорчих шийдвэр гаргаж, нийт 230 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2024 оны эхний хурлаа Чингис хаан Олон Улсын нисэх буудалд хийж, 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд

"2024 онд нисэх онгоцны буудал, галт тэрэг, авто вокзал зэрэг тээврийн салбарын үйлчилгээ үзүүлдэг бүх газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд таатай, хүртээмжтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход манай салбар зөвлөлөөс түлхүү анхаарч ажиллана. Олон улсад нэвтэрч байгаа шинэ, шинэлэг үйлчилгээний туршлагаас суралцаж, зам, тээврийн бүх салбарт хэрэгжүүлнэ" гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр

"Монгол Улсын Засгийн газар Монголд зочлох жил зорилтын хүрээнд аялал жуулчлалын салбарыг чухалчлан хөгжүүлж байна. Нисэх онгоцны буудал бол гадаадын жуулчдыг хамгийн түрүүнд хүлээж авдаг улсын нүүр царай.  Үйлчилгээний салбар бүх хүнд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай байлгах ёстой.

Чингис хаан Олон Улсын нисэх буудал нь дэд бүтэц, үйлчилгээний хувьд бүх талаасаа хүн бүрд хүртээмжтэй байна. Цаашид орон нутгийн нисэх буудлыг энэ жишигт хүргэж, дэд бүтцийг нь хөгжүүлэх шаардлагатай байна" хэмээв.

Чингис хаан нисэх буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэлийн цэг, шалган нэвтрүүлэх цэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг, амрах өрөө, хоолны газар, кофешоп, ариун цэврийн өрөө зэрэг хэрэгцээт бүх талын үйлчилгээг үнэ төлбөргүй бүрэн үзүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19