Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр "Алтай" хотхоны "Гүүрэн гарц"-ыг албан ёсоор нээсэн. Нээгээд удаагүй гүүрэн гарцын доод хэсгийг чингэлэг ачсан том ачааны машин тулж, улмаар гарч чадалгүй гацсан. Албаныхан уг том оврын ачааны машиныг "стандарт бус өндөртэй учраас гацсан" хэмээн мэдээлж байна. Энэ талаар сурвалжиллаа.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Уг хэргийг ослын шинж чанартайд бүртгэж, шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
"Энх бизнес өгөөж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхтөр "Гүүрэн гарцын өндрийн стандарт 4.5 метр байх ёстой. Манай гүйцэтгэсэн шинэ гүүрэн гарц 4.6 метрийн өндөртэй. Харин тухайн том оврын тээврийн хэрэгсэл 4.65 метрийн өндөртэй байсан тул ийм асуудал гарсан. Жолооч стандарт хангаагүй автомашин дээр чингэлэг ачсан тул жолоочийн буруу болж байна. Гүүрэн гарцад ямар нэг эвдрэл, гэмтэл гараагүй" гэв.
"Зургийг томруулж харвал гүүрэн гарцан дор гацсан машин ачааны "Мерседес" байна. Мөн ачсан контейнер ч гэсэн олон улсад хэрэглэдэг ердийн стандарт чингэлэг. Ачааны "Мерседес" болон чингэлэг стандартаас 1 мм-ийн ч зөрөөгүй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.
Яахаараа Монголд ирэхээрээ "Стандарт бус" болчихдог юм" хэмээн олон улсын транзит тээвэр зуучийн компаниас мэдээлэв.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




