Dark Light
Нийгэм | 2024-02-05

Элчин сайд Т.Бадрал Пакистаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ гардуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал Исламабад хотноо 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Др.Ариф Алвид итгэмжлэх жуух бичгээ гардуулав.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад, Монгол Улс Пакистан улстай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Энэ хүрээнд Пакистан улстай зам тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхлыг илэрхийлсэн бөгөөд хоёр улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх II уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах саналыг тавив. 

Түүнчлэн Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд БНХАУ, Пакистаны хамтран хэрэгжүүлж буй “Хятад, Пакистаны эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтаас туршлага судлах, улмаар тус коридороор дамжуулан монголын бараа бүтээгдэхүүнийг Арабын тэнгис дэх далайн боомт цаашлаад Булангийн орнуудын зах зээлд хүргэх сонирхолтой байгааг мэдэгдэв.

Үүний хариуд Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралд Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд нь баяр хүргээд, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Монгол Улс, Пакистан улсын хооронд 1962 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс нь хүн амын тоогоор дэлхийд 5 дугаарт ордог томоохон зах зээл бүхий орон юм. Монгол Улсын хувьд Исламабад хотод ЭСЯ байхгүй тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19