Бугын эвэр түүхээр яваад баавгайд бариулсан байж болзошгүй хэрэг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарчээ. Өнгөрсөн сарын 31-ний өдөр тус аймгийн цагдаагийн газарт уг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газар руу явахад машинтай очих боломжгүй тул 100 км гаруй газрыг мориор туулан очсон байна. Урьдчилсан байдлаар тус аймгийн 50 настай иргэн Б өнгөрсөн сарын 20-ны өдөр бугын эвэр түүх зорилгоор Цагаан-Үүр суманд очиж, тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Уг хэргийн талаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Тамгын газрын ажилтнаас тодрууллаа.
-Танай сумын нутаг дэвсгэрт иргэн баавгайд бариулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэргийн талаар тодруулахгүй юу?
-Тийм хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр гарсан. 50 гаруй насны эрэгтэй хүн бугын эвэр түүхээр яваад тийм хэрэг гарсан байна лээ.
-Тухайн хүн хэзээ тэр газар очсон юм бол?
-Нарийн зүйлүүдийг сайн мэдэхгүй юм. Тэр хүн Ханх сумын иргэн байсан. Манай сумын нутагт байх Үүрийн эх газарт явж байгаад осолдсон юм билээ. Хүмүүсийн яриагаар хоёулаа явсан юм билээ. Хоёулаа салж яваад нэг газар уулзахаар товлоод ирээгүй. Тэгээд хайж яваад тийм байдалд өртсөнийг мэдээд Ханх сумандаа очиж хэлээд хүмүүс дагуулж буцаж очсон гэнэ лээ.
-Цуг явсан хүн нь зүгээр үү?
-Зүгээр. Гэхдээ тийм зүйл харсан учраас цочролд орсон байх. Манай сумын нутаг дэвсгэрт болсон нь үнэн. Харин тэдгээр иргэд Ханх сумын хүмүүс байсан.
-Тэр газар руу зөвхөн мориор очих боломжтой гэж байсан. Газар орчин нь ямар юм бол оо?
-Манай сум 870 мянга гаруй га талбай нутаг дэвсгэртэй. Түүнийх нь 78.3 хувь нь ойн бүс. Тэрхүү хоёр хүний явсан газар дээшээ Оросын хил тал руугаа. Ус гол ихтэй ямар ч машин техник явах боломжгүй. Өвөлдөө яахав голын мөс хөлдсөн үед сайн техник хэрэгсэлтэй л машин явна. Бусад үед мориос өөр зүйл явах боломжгүй. Уул, өндөрлөг газар ихтэй, ус голтой тийм л газар байдаг юм.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







